УИХ-ын даргын захирамжаар байгуулж, Р.Бурмаагийн ахалж буй ажлын хэсгийн хурдыг голсон намууд хамтраад Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж, бэлэн болгожээ. Тэднийг МАН манлайлж, АН-аас бусад УИХ-д суудалтай болон парламентад суудалгүй намын төлөөлөл багтсан юм.
Уг төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлж буйгаа гишүүн Су.Батболд, А.Тлейхан, Л.Цог, Ч.Улаан нар өчигдөр мэдээллээ. Сонгуулийн хуулийн үндсэн суурийг хөндөхгүйгээр, нэмэлт найман өөрчлөлт оруулъя хэмээн намууд нэгдсэн.
Тогтолцоо холимог, 48:28 харьцаа хэвээр. Олон нийтийн саналыг сонсож, түүнд тулгуурлан боловсруулсан учраас төслөө тэд “Амьдралаас урган гарсан” хэмээн тодорхойлов. Бас Ч.Улаан гишүүн “Үүнийг нааштай найман өөрчлөлт гэж түүхэнд тэмдэглэх болно” гэлээ. Одоо хүчин төгөлдөр байгаа хуульд дорх найман өөрчлөлтийг оруулахаар төсөлд тусгажээ.
Үүнд: 1. Нэг тойрог-нэг мандат.
2. Сонгуулийн тойрог, хэсгийн хороог зөвхөн төрийн захиргааны албан хаагчдаар бүрдүүлдэг байсныг өөрчилж, намуудын төлөөллийг оролцуулах. Су.Батболд гишүүн энэ талаар “Төрийн албан хаагчид намаас түдгэлзэхээр хуульд тусгасан ч хэрэгжилт хангалтгүй байна. Төрийн албанд намаар ялгаварлах байдал гаарсан. Тиймээс зөвхөн тэднээс сонгуулийн хэсэг, тойргийн хороог бүрдүүлэх нь өрөөсгөл гэж үзээд ийм санал тусгалаа” гэсэн юм.
3. Сонгуультай холбоотой аливаа маргааныг тухайн нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхээр шийдүүлнэ хэмээн тодорхой заах. Ингэхгүй бол 2012 онд Өвөрхангай аймагт гарсан маргааныг нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх шийдэж, Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-д орж ирсэн түүх бий.
4. Саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөс гадна 100 хувь гараар давхар тоолно. Ингэснээр “хар машин”- тай холбоотой эргэлзээг арилгах аж. Гараар тоолоход нэмэлт зардал гарахгүй. Мөн хэсгийн хороо тус бүрт хяналтын дэлгэц, камерийг өмнөх сонгуулиар шийдсэн. Үүнийг ашиглаад хуудас нэг бүрийг хэрхэн тоолж буйгаа бичиж, дэлгэцээр харуулах учраас элдэв маргаан арилна гэж тооцжээ.
5. Сонгуулийн хэсэг, тойргийн хороонд ажилласан төрийн албан хаагч хууль зөрчсөн бол төрийн албанд ажиллах эрхийг хасах. Өөрөөр хэлбэл, хариуцлагыг чангатгах заалт нэмсэн байна.
6. Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож нэмэхээр тусгажээ. Одоогийн хуульд бүсгүйчүүдэд 20 хувийн квот олгосон байдаг.
7. Гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг хангах, нэмэгдүүлэхийн тулд цахим хэлбэрийг илүү ашиглах боломж бүрдүүлэх.
8. Намуудад тэгш өрсөлдөх боломж олгохын тулд СЕХ-ноос намуудын мөрийн хөтөлбөрийг нэг форматаар боловсруулж тараах. Сонгуулийн хуулийг арванхоёрдугаар сард багтаан батлах учиртай. Тиймээс Засгийн газар уг төсөлд санал өгмөгц УИХ-д өргөн барих аж. Мөн нэгэнт намууд санал нэгдээд боловсруулсан төсөл учраас хэлэлцэх шатанд удахгүй, хугацаандаа амжуулан батлах боломжтой гэж үзэж буйгаа Су.Батболд гишүүн дуулгав.
Р.Бурмаагийн ахалсан ажлын хэсгийнхэн гурван жил гаруйн турш дуншсаны эцэст бас л нэг төсөл оруулж ирэх нь мэдээж. Ингэвэл хоёр төслийг нэгтгэж, дутууг нь нөхсөн “цул” хууль болгох боломжтой хэмээн тэд үзэж буйгаа дуулгалаа.
С.УУЛ