Гараа саравчлан тэнгэр өөд ширтэх олныг хараад юу болсныг мэдэхээр тэднийг дуурайв. Өдрийн 13.00 цагт баруун урд зүгт хавирган сар, түүний дээхнэ од үзэгдэж байв. “Нар, сар, од гурав давхацсан байна. Хүсэл биелүүлдэг юм” гэж мэдэмхийрэх нэгнийг дагаж, залбиран нүдээ аньж зогсох хүн ч олон байв. Хотын чимээн шуугиан, машины бөглөрөөг ч үл анзааран хараа сунгах хүмүүсийн сониучхан хүсэлд хариулт олохоор Одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, нар судлаач доктор Д.Батмөнхтэй холбогдлоо. Гурван жилийн өмнө ч бас ийм үзэгдэл болж байсан юм.
Энэ нь ойр ойрхон тохиодог хэвийн үзэгдэл гэнэ. Сугар гариг нарнаас хол байх тохиолдолд, өдрийн гэгээнд тод харагдаж буй нь энэ. Илүү хурц нартай бол энгийн хүмүүс энэ үзэгдлийг олж харах боломжгүй гэнэ. Хүмүүсийн од хэмээн нэрлэж харж байгаа зүйл нь сугар гариг аж. 2004, 2012 онд ийм давхацлыг мөн хүмүүс олж харж байсан юм. Сар сугар гаригийн өмнүүр өнгөрч байгаа учраас төд удалгүй хүмүүсийн “од” гэж нэрлэсэн сугар гариг харагдахаа болих юм байна.
Тиймээс энэ бол нар, сар, од гурвын давхцал биш бөгөөд нар хиртсэн үед л ийм давхцал бий болдог аж.
Сугар нь нарны аймгийн хоёр дахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гариг юм. Сугар гариг нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, сугар гаригийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд татах хүч нь ойролцоо байдаг аж. Сугар гариг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагддаг. Монголчууд үүнийг “Үдшийн гялаан”, мөн “Үүрийн цолмон” гэж нэрлэдэг. Хүмүүс ийнхүү сугар гаригийг одтой андуурдаг боловч од нь гэрэл цацруулдаг бол гаригууд гэрэлтэж харагддаггүй, зөвхөн ойлгох л боломжтой юм.
Сугар гариг нарны гэрлийн 70 хувь буюу хамгийн их хэмжээгээр ойлгодог учраас нар, сарнаас гадна тэнгэрт тод харагддаг эрхэс юм.