НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-т мөрдөгдөх үнэ тарифыг хэлэлцэн баталлаа. Авто худалдааны цогцолборт авто зогсоол түрээслэн авто машин худалдаалах иргэдийн нэг хоногийн түрээсийг 1000 төгрөг, цогцолборт автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэг хоногт 200 төгрөгөөр, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолын тарифыг нэг цагийн 100 төгрөг байхаар батлав. Энэ нь “Да хүрээ”, “1000 машин” болон бусад техникийн захуудын тогтоосон үнэ ханшаас 2-3 дахин бага хураамж юм байна. Энэхүү тариф ирэх сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд одоогоор тус цогцолбор нэг сарын хугацаанд буюу энэ сарын турш үнэ төлбөр, хураамжгүйгээр авто машинаа байршуулж, байршлаа сонгох боломжийг авто худалдаа эрхлэгчдэд олгож байгаа юм байна.