Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өлзийт, Хурх, Биндэр, Баян-Адарга сумын тариа хураалтын ажилтай танилцжээ. Тус аймгийн тариаланчид энэ жил 30 мянган га талбайд үр тариа тарьсан ч тал нь ганд нэрвэгдсэн байна. 27 мянган га талбайд улаанбуудай суулгасан ч ган болсны балгаар 14 мянган га-гаас ургац хурааж буй аж. Газар тариалангийн 20 гаруй компани ургацын болц гүйцэхийг хүлээсээр есдүгээр сар гарсан хойно тариагаа хурааж эхэлжээ. Гэсэн ч тариа хураалт дундаа орсон тул энэ сарын 15 гэхэд аймгийн хэмжээнд ургацаа хурааж дуусах төлөв гарчээ.
Тариаланчид га-аас дунджаар 6-7 центнер ургац авч байгаа агаад нийтдээ 7000 орчим тонн үр тариа хураана. Ургацын хэмжээ бага ч чанар нь маш сайн байгаа гэнэ. Лабораторийн шинжилгээгээр улаанбуудайн цавуулаг дунджаар 28-33 хувьтай гарсан байна. Болц нь гүйцээгүй буудайгаа аж ахуйн нэгжүүд ногоон тэжээл болгон бэлтгэж байгаа аж.