Өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар 16 цагаас эхлэн АНУ-ын Аляска мужийн Павлов галт уул идэвхжиж эхэлжээ. Галт уулын тогооноос их хэмжээний утаа суунаглан, агаарт 6100 метр хүртэлх өндөрт үнс цацагдаж эхэлсэн байна.
Өчигдөр үнсэн үүл 11 мянган метрийн өндөрт хүрч, 640 гаруй километр нутаг дэвсгэрийг бүрхсэн байна. Галт уулын тогооноос цацагдаж байгаа үнс салхинд туугдан Аляска мужийн төврүү нүүжээ.
Тиймээс мужийн баруун болон хойд хэсэгрүү агаарын тээврээр зорчих боломж хомс болсон байна. "Аляска Эйрлайнс" өчигдөр эдгээр бүс нутгуудруу үйлдэх байсан 40 гаруй нислэгээ цуцалжээ. Галт уулын тогооноос цацагдсан үнс нисэх онгоцны хөдөлгүүрт нэвтэрвэл хөдөлгүүрийн үйл ажиллагаа зогсон, унтрах аюул нүүрлэдэгтэй холбоотой ажээ.
2518 метр өндөртэй Павлов галт уул Аляска муж улс дахь хамгийн идэвхтэй, аюултай галт уулын нэгт зүй ёсоор тооцогддог. Тус галт уул өмнө нь 40 гаруй удаа дэлбэрч байсан тухай тэмдэглэгдсэн байдаг аж.
Галт уул идэвхэжсэн, улмаар дэлбэрэх магадлалтай учраас гал уулын ойролцоо зорчих, нислэг үйлдэх аюултай болохыг анхааруулж АНУ-ын Геологийн судалгааны агентлаг галт уулын аюултай холбогдсон хамгийн дээд түвшний түгшүүрээ зарласан байна.

