Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өчигдөр болоход ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд сүүлийн 14 хоногийн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар танилцуулжээ. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн 96.9 хувь нь зам, тээврийн осол байгааг тэрбээр онцолсон байв. Урин дулааны улиралтай зэрэгцээд, амралт зугаалга, аяллаар иргэд орон нутгийн замд гардаг. Сум, аймгийн баяр наадмууд үргэлжилж буй энэ өдрүүдэд нутгаа зорьсон хүмүүс хурд хэтрүүлэх, техникийн бүрэн бус байдал, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс шалтгаалж осолд өртөх нь олон. Түүнчлэн замын эвдрэл, хагархайг шуурхай засдаггүй орон нутгийн авто зам засвар, арчлалтын компаниудын буруугаас ч элдэв осол гарч буй.
Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас жил бүр осол, хэргээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулж, жолооч, зорчигчдод сэрэмжлүүлэг хүргэдэг. Харамсалтай нь, манай жолооч нар замын цагдаа харагдахгүй, хурд хэмжиж зогсохгүй л бол Замын хөдөлгөөний дүрмийг үл ойшоосоор байгаа. Тиймээс амралт, зугаалгаар явж байгаад осолд өртөн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн тоо буурахгүй байна. 2024 онд зам, тээврийн ослын улмаас 548 хүн амиа алдсаны 186 нь зуны улиралд энджээ. Тэгвэл өнгөрсөн жил энэ төрлийн ослоор 547 хүн хорвоог орхисны 175 нь аялж, амарч явахдаа “сахилгагүй” жолооч нарын буруутай үйлдлээс үүдэн таалал төгссөн байх юм. Эдгээрийг нарийвчлан авч үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн 2025 оны зун 29 хүний амь эрсэджээ. Өмнөх жил нь 43 хүн согтуугаар машин жолоодсоноос үүдэн амиа алдсан гэнэ.
Үүнээс гадна зуны улиралд зам, тээврийн осол, хэрэг гарах нэг шалтгаан бол мотоцикл, мопед, суррон унаж, хөдөлгөөнд оролцдог хүүхэд, залуусын болчимгүй үйлдэл. Мотоциклтой холбоотой осол 2023 онд 201, дараа жил нь 301, өнгөрсөн онд 336 гарч, жил бүр өссөөр байгаа юм.
Иймд цагдаагийнхан өнөө жил “Амраад аюулгүй аялъя” гэсэн уриатайгаар зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж байна. Замын цагдаа нар орон нутгийн замд жолооч таныг торгохоор бус, осол, хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж зогсоож, анхааруулж буйг ойлгож, хэнд хэндээ хүндэтгэлтэй хандаарай.