Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амиа алдаж, энэ талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлснээр л Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудалд УИХ-ын гишүүд анхаарал хандуулж эхэлсэн.
“Де Нэйчэ Консерванси” Олон Улсын байгууллага аймгийн төвөөс 308 км зайд орших тус нуруунд үнэлгээ хийж, экологийн хувьд чухал ач холбогдолтой, тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн билээ. Тост, тосон бумбын нуруунд ашигт малтмалын 21 лиценз олгосноос "Ирвэс хамгаалах сан", аймгийн ИТХ, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газар хүсэлт гаргасны дүнд таван лицензийг цуцалжээ. Өдгөө тус газарт ашигт малтмалын хайгуулын 13, ашиглалтын гурван лиценз хүчинтэй буй.
Дэлхийд ховордож буй цоохор ирвэс нутаглаж буй тус бүс нутгийг ИТХ-ын тогтоолоор 2010 онд "Орон нутгийн тусгай хамгаалалттай" газар болгосон байдаг.
Тэгвэл өнөөдөр Л.Эрдэнэчимэг гишүүн цоохор ирвэсний нутгийг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
`Ирвэс хамгаалах сан”, Өмнөговь аймгийн Иргэдийн хурал, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газраас үүнд анхаарал хандуулсны үр дүнд таван лиценз албан ёсоор цуцлагджээ. Үлдсэн 13 хайгуул, гурав нь ашиглалтын тусгай лиценз байгаа аж.