Стандартчилал, хэмжил зүйн газар болон Европын стандартчиллын байгууллага (CEN) –ын хооронд “Copyright agreement” буюу “Хувилан олшруулах эрхийг хамгаалах” гэрээг саяхан байгуулсан юм.
Уг гэрээний дагуу Европын стандартчиллын байгууллагаас Мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвд барилгын салбарын Eurocode стандартуудыг ирүүлээд байна.
Ингэснээр “Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоолын хүрээнд Барилгын стандартчиллын техникийн хороо барилгын салбарт нутагшуулах Eurocode стандартуудыг судлах, үндэсний стандартаар батлуулах ажлыг эхлэх боломж бүрдлээ.
Манай улс барилгын салбартаа эдгээр Евро стандартыг нэвтрүүлэн, ашигласнаар:
- Монголын барилгын чанар, аюулгүй байдал, наслалтыг дээшлүүлэх
- Шинжлэх ухаан технологийн дэвшлийг ашиглах
- Барилгын бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх. Мөн гадны хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх
- Хөрөнгө оруулалт татах
- Чөлөөт худалдааны нөхцлийг хөнгөвчлөх
- Оролцогчид нэг хэлээр ярих
- Монголын оролцогчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг давуу талтай.
Мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв