Хэдхэн жилийн өмнө хичээлдээ явж байсан 12 настай охины дээрээс кран унаж, амь насыг нь хохироосон. Түүнээс хойш барилга дээрээс төмөр унаж, хүний аминд хүрэх, эд хөрөнгийг нь гэмтээх гээд энэ салбартай холбоотой осол, хэрэг шил шилээ даран гарсан. Энэ мэт эмгэнэлт осол бүү гараасай гэсэндээ, бага ч болов сэрэмжлүүлэг болгох үүднээс Өнөөдөр сонин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн дугаартаа барилгын ослоос хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар онцолсон билээ.
Гэтэл өргөгч механизм (По)-аар зөөж байсан өргөгч цамхгийн моторт 27 настай М гэдэг залуу цохиулж нас барсан осол өнгөрсөн даваа гаригт гарлаа. Ирэх дөрөвдүгээр сараас барилгын ажлаа эхлүүлэхээр бэлтгэж байсан “Тэнгэрийн долоон од” компанийн барилгын талбайд 13.00 цагийн үед уг осол болсон байна. Энэ компани нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач М хамгаалах хэрэгсэлгүйгээр тонн шахуу жинтэй моторыг зөөж байжээ. Ингэхдээ түүнийгээ модон тавцан дээр тавиад өөрөө хойно, урд нь гарч шалгаж үзэн нэлээд явсан гэнэ. Гэтэл мотор нь гэнэт гулсаж ирээд талийгаачийг цохиж, унагаасан байж болзошгүй байгаа аж. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг очиход талийгаач моторноос нэг метр хүрэхгүй зайд, ам, хамраас нь цус гарчихсан хэвтэж байжээ.
Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахмад Б.Түвшинбаяр “Манай дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь эрсэдсэн осол гарсан нь үнэн. Талийгаач тус компанийн туслах ажилтан байсан юм билээ. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Удахгүй барилгын ажил ид өрнөнө. Энэ үеэр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарах нь нэмэгддэг. Тиймээс барилга угсралтын үйл ажиллагаа болон үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүд аюулгүй байдлаа хангаж ажиллах шаардлагатай” гэж ярив.
Х.АЗЖАРГАЛ