“Агаарын зай гэдэг баялгийг ашиглан мөнгө олох боломж та бүхэнд байна” хэмээн Олон Улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны Хойд Азийн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Баожиан Занг тодорхойлсон.
Улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, олон улсын нислэгийг Монгол Улсын агаарын зайгаар өнгөрүүлснээр жилдээ 100 сая долларын ашиг олдог Иргэний нисэхийн ерөнхий газар технологийн хувьд шинэ шатанд хүрсэн баярт үйл явдал өнөөдөр боллоо.
Ажиглалтын системийн шинэчлэлийн ачаар нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын зайчлал өнгөрөгч онд 150 км-ээс 30 км болж буурсан. Харин одооноос радарын систем нь ADC-D системийг хамт ашигласнаар ажиглалтын удирдлагын зайчлал буурч, дэлхийн жишигт хүрч буй нь энэ юм.
Эл үйл явдал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тодорхойлсноор “Нислэгийн хөдөлгөөний хяналтыг бид цаасан дээр тоо бодон удирддаг байсан бол өдгөө агаарын хөлгүүдээ дэлгэцэн дээр бодитоор харж, удирддаг болж буй юм. Зүйрлэбэл бид тооны машинаа компьютер болгон сайжруулж байна гэсэн үг. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг илүү өндөр түвшинд хангаж, мөн нислэг үйлдэж буй онгоцнуудын хоорондын зайчлал багасч, манай нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх олон улсын тээврийн тоо, навигацийн орлого эрс нэмэгдэх боломжтой болж байна”.
Дөрвөн жилийн өмнөөс үе шаттайгаар хэрэгжүүлсэн үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN), автомат хамааралтай ажиглалтын систем (ADS-B)-г нэвтрүүлснээр манай улсын навигацийн үйлчилгээнээс олох ашиг зөвхөн энэ онд гэхэд 10 сая ам.доллараар нэмэгдэх боломж бүрдэж буй.
Манай орны агаарын зайгаар өнгөрөн нисэх нислэгийн тоо 4.3 хувь нэмэгдсэн. Системийг шинэчилснээр энэ оны эхний гурван сарын байдлаар манай навигацийн үйлчилгээ 8% нэмэгдсэн үзүүлэлтэй байна.
Гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй үзүүлэлтэд тулгуурласан навигацийг (PBN) ашигласнаар манай газар нутгаар дайран өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэхээс гадна агаарын замыг зорьсон чиглэлд чиг шулуун татах боломжтой болж байгаа юм. Нислэг хөдөлгөөн удирдах газрын дарга П.Ганболдын мэдэгдсэнээр агаарын замуудыг чиг шулуун болгох ажил ирэх есдүгээр сард бүрэн дуусах бөгөөд ингэснээр нислэгийн цаг богиносч, нислэгт зарцуулах шатахууныг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ.