AСЕМ-д зориулан манай улс БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр “Хьюндай” компаниас 50 автобус авах гэж буй. Ингэхдээ “Хьюндай”-гийн үйлдвэрээс нь шууд нийлүүлэхээр болжээ. Гэхдээ “Эксим” банкнаас зээлж буй 5.5 сая ам.доллароор 50 биш, 43 автобус авахаар байгаа гэнэ.
“Улс болон хот хоорондын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд авах эдгээр автобусыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирнэ. Хадгалж хамгаалах, жолооч нарыг сургах, зочдод үйлчлэх ажлыг Автотээврийн үндэсний төв хариуцна. АСЕМ-ын дараа тэдгээрийг зорчигч тээврийн компаниудад 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэй зээлээр олгох юм.
45 хүний суудалтай, Монгол орны цаг агаар, замын нөхцөлд тохируулан үйлдвэрлүүлж буй эдгээр автобусыг авахаар одоо улс, хот хооронд зорчигч тээвэрлэж буй 40 гаруй компани ЗТЯ болон Автотээврийн үндэсний төвд хүсэлт гаргаад буй аж. АСЕМ дууссаны дараа Зам, тээврийн сайд ажлын хэсэг гарган, тухайн компаниудын санхүүгийн чадавх, тайлан зэргийг үндэслэн, шалгуур тавьж, шаардлага хангасанд нь олгох юм байна.
Х.ЭРХЭМ