Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа өчигдөр танилцууллаа. Тус банкныхны таамаглаж буйгаар бүс нутаг болон дэлхийн чиг хандлага, уул уурхайн салбарын гарц багассан зэргээс шалтгаалж Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 0.1 хувь болж буурах гэнэ. Мөн ирэх онд дээрх тоо 0.5 хувь байна гэж тэд таамаглажээ. Төлбөрийн тэнцлийн хүндрэлүүд, өрийн менежмент зэргээс болж төсөв, мөнгөний бодлогыг чангатгах шаардлагатайг дээрх тайланд дурдсан байв. Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн захирал Аюүми Кониши Монгол Улсын төсвийн алдагдал 2014 онд ДНБ-ий 11.4 хувьтай тэнцэж байсан бол өнгөрсөн онд 7.9 хувь болж буурсан нь сайн хэрэг гэж тодотголоо.
Мөн тус банкны эдийн засагч Л.Амар “Ойрын хоёр жилд эдийн засаг бараг өсөхгүй байх төлөвтэй байгаа. Жилийн дараа өсөлтөө 1-2 нэгж хувиар бууруулж тооцож магадгүй. Өнгөрсөн онд уул уурхай, хөдөө аж ахуйн салбар Монголын эдийн засгийг чирч явсан. Ирэх хоёр жилд уул уурхайн салбарын “хувь нэмэр” хумигдах төлөвтэй, ерөнхийдөө хөдөө аж ахуйд тулгуурлахаар байна. Манай банкны зүгээс эдийн засгийн хатуу бодлогоо үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа.
2017, 2018 онд 1.8 тэрбум ам.долларын зээлээ эргэн төлөх ёстой. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн дүн бас 1.8 орчим тэрбум ам.доллартой тэнцэж байна. Гадаад өрийн дарамт бий болж, өндөр эрсдэлтэй орны тоонд Монгол Улс багтаад байгаа. Шинээр бонд арилжвал дахин санхүүжилтэд зарцуулах шаардлагатай. Төвбанк интервенц хийх нөөц боломж бага байна” хэмээн өгүүлэв.
Аж үйлдвэржсэн томоохон орнуудын эдийн засаг сул, урд хөршийн ДНБ-ий хэмжээ буурсан зэргээс шалтгаалж Азийн хөгжиж буй дийлэнх орны өсөлт саарах хандлагатай байгаа аж. Бүс нутгийн ДНБ-ий өсөлт 2016, 2017 онд 5.7 хувь байх төлөвтэйг уг тайланд тэмдэглэжээ. Дээрх тоо өнгөрсөн онд 5.9 хувь байсан гэнэ. Газрын тос, түүхий эдийн ханш хямдарч буй нь эрдэс баялгаас хамааралтай Азийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэнэ.
Ц.БОЛОРМАА