Сүүлийн жилүүдэд манай залуусын дунд хар тамхины хэрэглээ өсөж, аюулын харанга дэлдээд байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт өнгөрсөн жил 169 хүн холбогдсон бөгөөд тэд 79 хэргийн 201 үйлдэл холбогдолд шалгуулжээ. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 25 хэргийн 81 үйлдэлд 46 хүн холбогдон шалгуулсан байна. 2016 он гарснаас хойш цагдаагийнхны илрүүлсэн хэргийн зургаа нь хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдэлтэй.
2015 онд 9.8 кг каннабис, 24.51 гр гашиш, 344.164 гр “мөс” хураасан бол 2016 оны эхний гурван сарын байдлаар 581.75 гр каннабис, 56.3 гр гашиш, 294.94 гр “мөс” илрүүлэн эд мөрийн баримт болгожээ. Эдгээр үзүүлэлтээс харахад сэтгэцэд нөлөөт “мөс” хэмээх бодисыг өмнөд хөршөөс хууль бусаар хил нэвтрүүлдэг талаар ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ж.Болд өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тиймээс манай ЦЕГ, БНХАУ-ын НАХЯ, ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах танхимын хамтын ажиллагааны хүрээнд Хятадаас хар тамхи, мансууруулах бодисыг хэргийн газарт богино хугацаанд шинжлэх хүчин чадалтай, тусгай зориулалтын багаж, төхөөрөмж бэлэглэжээ. Энэ бэлгэнд АНУ-ын “Термо Фишэр” компанид үйлдвэрлэсэн, олон улсад ашиглагддаг “ТruNarc” гар багаж гурав, хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагааны үед ул мөр бэхжүүлэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шалгах тест бүхий иж бүрдэл цүнх хоёр багтжээ.
Цагдаагийнхан энэ багажийг ашигласнаар хар тамхи, мансууруулах бодисыг хэргийн газар дээр нь түргэн шуурхай шинжилж, нотлох баримттай болоход ач холбогдолтой. “TruNarc” багаж нь НҮБ-ын конвенцод багтсан 158 нэр төрлийн мансууруулах бодисыг илрүүлэн, шинжилдэг бөгөөд хайлтын үр дүн нь дэлгэцэн дээр зургаан янзын өнгөөр тодордог юм байна.
Өмнө нь цагдаагийнхан шээс, цуснаас нь дээж авч, ШШҮХ болон Гаалийн төв лабораторид шинжлүүлж, хариу нь гарахыг хүлээдэг байсан бол дээрх багаж, тоног төхөөрөмжтэй болсноор цаг алдахаа больж буй аж.
Г.РАВЖАА