Монгол Улсын агаарын орон зайг 2015 онд олон улсын 90 мянга гаруй онгоц дайран өнгөрсөн нь түүхэн үзүүлэлт болжээ. ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөн удирдах газрынхан навигацын ажиглалтын системээ шинэ шатанд хөгжүүлж, агаарын хөлгүүдийг хооронд нь 90 км зайтай нисгэдэг байсныг 30 км болгож ойртуулснаар манайхаар дайран өнгөрөх олон улсын нислэгийн тоо өмнөх оноос 4.3 хувиар нэмэгджээ. Үзүүлэлтэд тулгуурласан навигац буюу PBN (хиймэл дагуулын систем ашигладаг үйл ажиллагаа)-ийг нэвтрүүлсэн тэд энэ оны есдүгээр сар гэхэд Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэж буй бүх авиа компанийн хөлгүүдийг шулуун замаар нисгэх боломж бүрдсэн аж.
Мөн энэхүү давуу талаа ашиглан БНХАУ-ын дотоодын нислэгийг Монголоор дайран өнгөрүүлэхээр болсон тухайгаа тус газрын менежер Н.Доржсүрэн өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа. Хятадын тал энэ зун 700 гаруй нислэгээ манай агаарын замаар өнгөрүүлэх захиалга өгөөд байгаа бөгөөд эндээс үйлчилгээний хураамжид гурван тэрбум орчим төгрөг орж ирэх гэнэ.
Манай агаарын орон зайд өнөөдөр долоон радиолокатор аюулгүй байдлыг ханган ажилладаг юм байна. Цаашид аюулгүй ажиллагаагаа илүү сайжруулж, манай агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын зайг 10 км болгон багасгаж, дэлхийн жишигт хүргэх зорилго тавьжээ. Үүний тулд агаарын дохиолол, хамгаалалт, ажиглалтын ADS-B хэмээх автомат систем шинээр нэвтрүүлж, радиалокатортой холбож байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааны нээлтэд Засгийн газрын тэргүүн оролцсон юм. ADS-B системийг нөөц байдлаар суурилуулна.
Энэ нь радиолокатор унасан тохиолдолд тухайн агаарын хөлгийг бүртгэлээр нь хөөн, ангилсан өгөгдөл мэдээллээ удирдлагын төв рүү тасралтгүй дамжуулдаг давуу талтай аж. Одоо манай улсад нэг л радиолокатор хэрэгтэй байгаа гэнэ. Түүнийг нэмээд авчихвал Монголын агаарын орон зайг бүрэн ашиглах боломж нээгдэнэ, тэр хэрээр эдийн засагт ч үр ашгаа өгөх тул Ерөнхий сайд энэ асуудлыг анхааралдаа авч, хөрөнгө мөнгө гаргуулах талаар ярилцахаа мэдэгдсэн.
Л.ГАНЧИМЭГ