БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад сайн дураараа нутаг буцаж буй гадаадын иргэдэд үзүүлэх өршөөлийн аян дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд хэрэгжихээр болсныг тус улсын Хууль зүйн яамны Цагаачлалын алба мэдэгджээ. Тухайлбал, визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэд энэ аяны хүрээнд сайн дураараа нутаг буцвал тэднийг Өмнөд Солонгосын хилээр нэвтрэх хоригоос чөлөөлөх юм байна.
Урьд нь хууль бусаар оршин сууж байсан иргэдэд хугацаанаас нь хамаарч тус улсын хилээр дахин нэвтрэх эрхийг нь хоёр хүртэл жилээр хязгаарладаг байжээ. Түүнчлэн хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн ба ажил олгогчийг нь хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөс гадна тухайн хүнийг Түр саатуулах байранд хорилгүй нутаг руу нь шууд буцаах гэнэ. Нутаг буцах хүсэлтэй иргэд онгоцны тийз, гадаад паспорт болон аялал жуулчлалын баримт бичигтэйгээ Цагаачлалын албанд ирж, сайн дураараа эх орондоо буцаж буйгаа мэдүүлэх хэрэгтэй аж.
Ирэх есдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх уг аянтай холбогдуулан БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг баривчлах ажиллагаа идэвхжих бөгөөд баригдсан хүмүүсийг улсаасаа албадан гаргаж, дахин нэвтрэх эрхийг нь таван жил хүртэл хугацаагаар хязгаарлах юм байна. Мөн визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ мөнгөн торгуулийн хэмжээг ч өсгөхөө мэдэгджээ.
Л.АРГАМЖИН