Зочлох үйлчилгээний салбарын шилдгүүдийг тодруулдаг “Найрсаг Улаанбаатар” тэмцээн 11 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын 1-3-нд үргэлжилсэн энэ удаагийн тэмцээнд “Улаанбаатар”, “Кемпински”, “Баянгол”, “Шангрила” зэрэг томоохон буудлуудаас гадна “Наранбулаг” тэргүүтэй ихэвчлэн дотоодын жуулчдыг хүлээн авдаг зочид буудал, Буриад, Манжуурын зочид буудлын мэргэжилтнүүд ирж оролцсоноор онцлог болсон. Тэмцээн өрөөний үйлчлэгч, угаалгын ажилтан, зочин хүлээн авагч, менежер, тогооч, зөөгч гэсэн ангиллаар өрнөлөө.
“Шангрила”, “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудлын угаалгын ажилтнууд өрсөлдсөн бөгөөд оролцогчид ихэвчлэн 6-8 алчуур эвхсэн бол “Улаанбаатар” зочид буудлын ажилтан Б.Цэрэндулам 17 алчуур стандартын дагуу эвхэж, илт давуу түрүүлж, цомын эзэн болсон.
Зочин хүлээн авагчийн тэмцээнд өрсөлдсөн “Улаанбаатар” зочид буудлын ресепшн Ц.Батчимэг “Улсынхаа шилдгүүдийг тодруулдаг уг тэмцээнд оролцсох нь бидэнд туршлага судлах, алдаа дутагдал болон давуу талаа олж харахад их тустай байдаг. Энэ жил манай байгууллага зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, угаалгын ажилтны төрөлд өрсөлдөж буй. Тэмцээнд оролцогч байгууллагуул ихэвчлэн олон жил ажилласан туршлагатай ажилтнуудаа оролцуулж байгаа харагддаг. Цаашдаа шинэ залуу ажилтнуудыг оролцуулбал туршлага судалж, ур чадвар нь сайжрах ач холбогдолтой юм шиг санагддаг. Гэхдээ жилээс жилд оролцогчдын чадвар сайжирч байгаа нь харагдаж байна” гэв.
Улсынхаа нүүр царай болж, гадаадын жуулчид, аялагчдад үйлчилж буй зочин хүлээн авагчид гадаад хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай. Гэхдээ зөвхөн англи хэлний мэдлэгтэй байгаад зогсохгүй зочинтой зөв харилцах стандартыг ч зөв дагаж мөрдөх учиртай аж. Зочинд “Окэй” хэмээн хариулахын оронд “Баярлалаа” буюу “Thank you” хэмээн хариулах ёстой. Яг энэ стандартыг тэрбээр ягтал мөрдөж байсан нь залуу оролцогчдод сургамж болсон биз ээ. Өмнөх жилүүдэд тус тэмцээний шүүгчээр оролцож байсан тэрбээр зочин угтах стандартыг чанд мөрдөж, мөн л тэмцээнийг хошуучилсан.
“Улаанбаатар” зочид буудлын өрөөний үйлчлэгч А.Эрдэнэчимэг, Ц.Доржханд нар ор засаж, чимэглэн өрсөлдсөн бөгөөд А.Эрдэнэчимэг хоёрдугаар байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардсан юм.