Аялал жуулчлалын ид ачааллын үед буюу долоо, наймдугаар сард орон нутагт шатахуун хомсдож, үнэ нь эрс өсдөг болсон. Сүүлийн жилүүдэд давтагдаж буй улирлын чанартай энэ асуудалд төрийн байгууллагынхныг эртнээс анхаарч, зохицуулалт хийхийг аялал жуулчлалын тур оператор компанийнхан шаардлаа. Ялангуяа аялал жуулчлалын гол бүс нутаг, говийн аймгуудад ийм эрсдэл өндөр гэнэ. Өнгөрсөн жил гэхэд Өмнөговь, Дундговь аймагт долоодугаар сард бензин, дизелийн түлш хомсдолтой, литр тутмынх нь үнэ зах зээлийн ханшаас 300-500 төгрөгөөр өндөр, шатахуун түгээх станцууд 50-100 мянган төгрөгийн квот тогтоож жуулчдад чирэгдэл учруулжээ. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд салбарын яам, агентлагууд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болзошгүй эрсдэлд эртнээс бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байх шаардлагатай гэж аялал жуулчлалынхан үзэж байна.
Н.Мишээл