
Говь-Алтай аймгийн Усан спорт, чийрэгжүүлэлтийн газар, “Цоохор ирвэс” клубийн багш, дасгалжуулагч З.Сарантуяа хүчний спортод чамлахааргүй амжилт гаргаж яваа. Тэрбээр өөрийн хичээллэдэг (пауэрлифтинг, масрестлинг, фитнес) спортын төрлүүдийг төрсөн нутагтаа хөгжүүлэхээр өнгөрсөн жил зорьсон. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, том зорилго тээж ирснээ хэрэгжүүлэхээр ханцуй шамлаж, аймагтаа тамирчид бэлтгэн, иргэдийг спортод уриалан, амьдралынх нь хэв маягийг өөрчилж эхэлжээ. Цаг хугацаатай уралдаж ажиллахын зэрэгцээ бэлтгэл сургуулилалтаа уйгагүй хийж, хойд хөршийн Якутск хотод өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан масрестлингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Мөн ОХУ-ын Владивостокт энэ сарын эхээр болсон “Колмар‘’ цомын төлөөх тэмцээнээс дахин хүрэл медаль гардсан түүнтэй ярилцлаа.
-Тамирчин хүн амжилт гаргахад тодорхой цаг хугацаа зарцуулдаг. Масрестлинг манайд хөгжиж байгаа залуу спорт. Та үүгээр хичээллээд удаагүй ч ДАШТ-ээс хүрэл медаль гардаж, спорт сонирхогчдын анхаарлыг татлаа.
-Би масрестлингийн спортоор хичээллээд хэдэн сар болж байна. Өнгөрсөн тавдугаар сард УАШТ-д оролцохдоо 55 кг-д түрүүлж, дэлхийн аваргад оролцох эрх авсан юм. Тэнд дэлхийн аваргын медалийн төлөө Монголын чөлөөт бөхийн тамирчин, ОУХМ Х.Мөнхтуяа эгчтэй таарсан. Надад тэр үед медалиас атгах мэдрэмж төрөөд байлаа. Товчхон хэлбэл, шагналын тавцанд зогсох нь бараг тодорхой болчихсон байв. Эх орондоо медальтай буцах, эсэхийг шийдвэрлэх хариуцлагатай тэмцээн тул бүх зүйлээ дайчилж гаргасан. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д оролцох байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас жингээ өөрчилсөн юм. Долоон цагийн дотор 10 кг хасаж, миний өрсөлдөх жинд орж ирсэн нь тун сонирхолтой тохиол байлаа. Хэдий өрсөлдөгч ч гэлээ түүнээс суралцаж, хойшид хэрэг болох олон зүйл мэдэж авсан. Бид дэлхийн аваргаас хамтдаа хүрэл медальтай ирсэн шүү дээ.
Масрестлинг нь Саха улсын үндэсний спорт. Энэ нь уламжлалт саваа татах тоглоомоос гаралтай. Үүгээр хичээллэхэд гар, хөл, нуруу, булчингаас маш их хүч шаарддаг. Тэмцээнд оролцогчид улаан, хөх талаас гарч ирэн, нэгнийхээ өөдөөс харж суугаад талбайг тусгаарлаж буй самбарт хөлөө түшиж, модон саваа татна. Шоо шидэхэд өнгөнөөс нь хамаарч улаан, хөх талын оролцогчийн аль нэг нь түрүүлж барьц сонгодог. Ялалт байгуулсан тамирчин саваа барих байрлалыг сонгох бөгөөд гаднах бариулыг сонгосон хүн өөрийн байрлалыг (зүүн эсвэл баруун) харуулна. Оролцогч өрсөлдөгчөө самбар дээр татан, гартаа саваа барьсан тохиолдолд ялалт байгуулна.
-Гадаадын тэмцээнд нутаг нэгт тамирчинтай таарахад танд ямар бодол төрөв?
-Спортын талбарт найз ч байсан ял гэдэг дүрэм үйлчилдэг. Шударга өрсөлдөж ялахын төлөө би ч бас их хичээсэн. Монголоос хөдлөх үед Х.Мөнхтуяа эгчид хатиг гарч, хүндхэн байдалд орсон. Тэмцээний өмнөх өдөр мэс засал хийлгэж, жиндээ оролцох боломжгүй боллоо. Маргааш нь 65 кг-д өрсөлдөх тамирчид жингийн үзлэгт орох байсан тул тэрбээр эмч, шүүгч нарт “Би 10 кг хасаж чадна. Намайг 65 кг-д оролцуулаад өгөөч” гэж учраа хэлж, ойлгуулснаар тэмцээнд өрсөлдсөн юм. Амжилт гаргахын тулд өөрт тулгарсан саадыг бие, сэтгэлийн хатуужлаар даван туулж, медаль хүртэхийг нь хараад их бахархсан. Тэмцээний үед ямар ч бэрхшээл давхацсан сэтгэл хөдлөлөөр хандалгүй маш их төвлөрч ард нь гарч байлаа. Түүний зорилгынхоо төлөө өөрийгөө ялан дийлсэн зориг нь надад сургамж болсон. Тэрбээр “Эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнээс хассан ч надад дахин нэг боломж байх ёстой гэж шөнөжин бодож хоносон” гээд ярихад нь өөрийн эрхгүй нулимс дуслуулж байлаа. Хамт явсан эгчийгээ медаль зүүхэд өөрөө шагнал гардсанаас илүү баярлаж, сэтгэл уужирсан.
-Пауэрлифтингээр хүч сорьдог таныг энэ спорт өөртөө татсан нь сонирхол төрүүлээд байх юм. Хэн нэгэн санал тавив уу, эсвэл урвуулчихав уу?
-2009 онд пауэрлифтингээр сонирхож хичээллэсэн минь масрестлингийн спортод хөл тавих суурь болсон. Монголын масрестлингийн холбооноос өнгөрсөн хавар холбогдож “Удахгүй УАШТ болно. Түүний дараахан ДАШТ-тэй. Хүчний спортын суурьтай, тэр дундаа пауэрлифтингээр хичээллэдэг тамирчид өрсөлдөх юм. Өөрийг тань тэмцээнд оролцооч гэж урьж байна” гээд санал тавьсан. Тухайн үед Бүх ард түмний спортын XV наадамд бэлтгээд зав муутайхан байлаа. Энэ спортын талаар ойлголтгүй байсан надад амжилт гаргах итгэл эхэндээ төрөөгүй. Миний хичээллэдэг спорттой ойр тул хэд хоног бодож, оролцохоор зориглолоо. Хичээллээд удаагүй ч улсын аваргаас хүртсэн алт, дэлхийн аваргаас гардсан хүрэл медалиасаа урам авч, тууштай хичээллэхээр шийдсэн. Сахад очихдоо масрестлингийн спорт олон улсад эрчимтэй хөгжиж байгааг мэдэж, монголчуудын бие бялдар, сэтгэл зүйн онцлогт тохирсон, амжилт гаргах төрөл болохыг ойлгосон юм. Монголд масрестлингийн холбоо байгуулагдсанаас хойш орон нутагт хөгжүүлэхээр хичээж буй гэр бүл олон бий. Тэдний ажлыг дэмжихээр нутгаа зорьсон минь ч учиртай. Намайг энэ жил олон улсын тэмцээнд хоёр ч удаа оролцож шагнал хүртэхэд нутгийн удирдлага, иргэд сэтгэл өндөр хүлээн авсан. Дугуйландаа зориулалтын тоног, төхөөрөмж захиалж хийлгэснээр хүмүүс хүүхдүүдээ хичээллүүлэх боллоо.

-Зорилгоо биелүүлэхийн тулд тамирчид гэр бүл, цаг хугацаа, хөдөлмөр, санхүү гээд олон зүйлийг золиосолдог шүү дээ.
-Тийм ээ, би ч гэсэн үүнийг тойроогүй. Тамирчдын туулсан замаар замнаж яваа. Бидний хувьд энэ бүх асуудлыг даван туулаад амжилт гаргаад ирэх л хамгийн сайхан байдаг. Шагналын тавцанд медалиа зүүгээд зогсож байхдаа эх орон ямар хүчтэй болохыг, бас аав, улсынхаа нэрийг дуудуулах нь монгол хүн болж төрсний бахархал юм гэдгийг ойлгосон. Спортод зориулсан цаг хугацаа, хүч, хөдөлмөр, итгэл найдвар амжилт болж эргэн ирэхийг харах нь амьдралын минь хэзээ ч мартагдахааргүй баярт мөч байлаа. Тэмцээнээс ирээд ДАШТ, дэлхийн цомоос хүртсэн медалиа шагналынхаа дээр залсан. Харах тусам урам өгч, хийж бүтээх бодол төрүүлдэг юм.
-Спортын гараагаа жүдогоор эхлүүлсэн ч цааш нь үргэлжлүүлээгүй шалтгаан тань юу байв?
-2004 онд гэрийнхэнтэйгээ Улаанбаатарыг зорьж, Багануур дүүрэгт суурьшсан юм. Тэр үед хичээл, сурлагадаа анхаарал хандуулж, жүдогоос нэг хэсэг хөндийрсөн. Спорт болгонд өөрийн гэсэн онцлог, давуу тал бий. Пауэрлифтингийн спортод 2009 онд хөл тавьж, өнөөг хүртэл хичээллэж байна. Тууштай зүтгэхэд аав, ээжийн минь дэмжлэг их нөлөөлсөн. Би бөхийн удамтай. Аав минь сумын начин цолтой. Залуудаа барилддаг байсан болохоор хөвгүүдээ бөх болох болов уу гэж их хардаг байлаа. Тэднээс хэн нь ч барилдаагүй. Надад “Бөхийн спортоор хичээллэж, амжилт гаргаж яваа охиноороо аав нь бахархдаг шүү” гэдэг юм. Гэрийнхнийхээ ямар ч үед ойлгож, найдвартай ар тал болж ирсний хүчинд өдий зэрэгтэй амжилт гаргасан гэж боддог. Жүдогоор хичээллэж, өөрөөс гарамгүй зориг, тэвчээрт суралцсан минь хүчний спорт сонгоход хэцүү санагдаагүй.
-Багануур дүүргийн дасгалжуулагч, ОУХМ Ж.Болдбаатар багшийн удирдлагад хүндийг өргөлтөөр хичээллэж байсан санагдах юм.
-Тийм ээ, түүний удирдлагад бэлтгэл хийж, хүндийг өргөлтийн үндсэн техникүүдээс сурсан минь пауэрлифтингээр хичээллэхэд суурь болсон. 2012 онд дүүргийнхээ тэмцээнд таталтын төрөлд алт, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэж байв. Тэр үед “Би хичээллэвэл чадна. Амжилт гаргахад оройтоогүй байна” гэх бодол төрсөн. Түүнээс дөрвөн жилийн дараа УАШТ-д мөнгөн медаль зүүж, дараахан нь ОХУ-ын Москвад болсон дэлхийн аваргаас хүрэл медальтай ирсэн. Хүчний спортод үеийнхнээсээ хожуу хөл тавьж, анхныхаа амжилтаас атгахдаа би 20 настай байлаа. Тэр жил надад зориг, зорилго, тэмүүлэл хайрласан он байв. Зарим зүйлийг алдаж, онохоос эмээхгүй явсан тэр үеийнх шигээ зоригийг одоо гаргаж чадахгүй юм шиг санагддаг.
-Дэлхийн дэвжээнд шилдгүүдтэй өрсөлдөхөд догдлох, сандрах аль аль нь давхацсан биз?
-Тамирчин хүн хэрвээ медальгүй үлдвэл гэсэн бодлыг үргэлж тээж явдаг. Анхны юм бүхэн алдаа, оноотой л байдаг шүү дээ. Олон улсын тэмцээний дэвжээнд анх удаа гарахдаа туршлагагүйтсэн тал бий. Тэр үед сандарсандаа болоод өөртэйгөө өрсөлдөх тамирчдыг харж амжаагүй. Эхний хоёр оролтыг тэглэсэн болохоор намайг тэмцээнээс бараг хассан байлаа. Хэрвээ дахиж алдаа гаргавал хоосон буцах болохоор өөрийгөө дайчилж, маш их хичээсэн. Гурав дахиа амжилттай өргөхөд тэмцээн үзэж суусан үзэгчид шуугилдаад л алга ташсан. Тэдэнд Монголын тамирчин тэмцээнээс хасагдах, эсвэл медалиас атгах уу гэдгийг харах сонирхолтой санагдсан байх. Тэр хором миний амьдрал, хувь заяаг шийдэх сүүлийн боломж байв. Суултын төрөлд тактик, техникийн алдаа гаргасан ч нийлбэр дүнгээр хүрэл медалийн болзол хангахад тамирчид хүртэл ирж, баяр хүргэсэн. Түүнээс хойш ямар ч тэмцээнд оролцохдоо өмнөх алдаагаа давтахгүйг хичээдэг. Би өмнө нь өөрийгөө голж, хилийн дээс хэзээ ч алхахгүй биз гэж боддог байлаа. Миний ойрын үед хэрэгжүүлэх томоохон зорилго бол 2024 онд ДАШТ-д өрсөлдөж, медалийнхаа өнгийг хувиргах.
-Та Монголдоо пауэрлифтингийн таталтын төрөлд дээд амжилт эзэмшдэг юм билээ.
-Монголын пауэрлифтингийн холбооноос 2019 онд зохион байгуулсан УАШТ-д өрсөлдөж, 63 кг-ын жинд газраас таталтын дээд амжилтыг эзэмшсэн. Энэ нь надад боломж байгааг мэдрүүлсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон УАШТ-д 57 кг-д оролцохдоо мөн л дээд амжилт эзэмшлээ. Аливаа спортын техникийг эхнээс нь зөв сурвал бэртлээс хол байх боломжтой. Миний хувьд гурван төрлөөс газраас таталтынхад илүү хүч гаргадаг. Масрестлингийн спортын дасгалууд газраас таталтын төрөлтэй ойр. Үүгээр хичээллэдэг гадаадын тамирчдыг судлахад газраас таталтын төрөлд амжилт гаргасан байх юм билээ.
-Говь-Алтай аймгийн Усан спорт, чийрэгжүүлэлтийн газрын хамт олон таныг хэр ойлгож, тэмцээнд оролцох боломжоор хангадаг вэ?
-Намайг бүх талаар ойлгож, дэмждэг хамт олондоо баярладаг. Тэд тэмцээнд оролцохыг дэмжиж, ажлын чөлөө олгон, санхүүгийн туслалцаа үзүүллээ. Итгэл найдвар, сайхан сэтгэлийнх нь ач тусыг амжилтаараа хариулж баярлуулах сан гэж боддог юм. Би энд “Цоохор ирвэс” фитнес клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Нутагтаа амьдарсан нэг жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн ч төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь амжуулж, амжилтаа ч ахиуллаа. Миний хувьд том зорилго тээж ирсэн болохоор нутгийнхаа иргэдийг эрч хүчтэй, идэвхтэй, эрүүл байхыг уриалж хариуцлага өндөртэй, шаргуу ажиллаж байна.
-Нутагтаа хөл тавиад л стресс, бухимдлыг мартаж, тайван амьдралыг эрхэмлэдэг болсон гэдэгт тань эргэлзэхгүй байна.
-Миний амьдралд спорт том байр суурь эзэлдэг. Спортоор хичээллэж, өөрийгөө нийгмийн таагүй уур амьсгал, бухимдлаас чөлөөлдөг. Хүн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлж сурна гэдэг соёл юм. Энэ утгаар яривал хөдөөгийн иргэдийг хөдөлгөөнд оруулж, зөв дадалд уриалан амьдралынх нь хэв маягийг өөрчиллөө. Тэд нутгийн удирдлагуудаас үүнийг хүлээж байсан нь анзаарагдсан. Хүн дуртай ажлаасаа сэтгэлийн таашаал авах сайхан. Клубтээ өдөр бүр олон хүнтэй бужигнаж өнжих надад жаргалтай санагддаг. Тамирчин хүнийг амжилт гаргахад олон зүйл нөлөөлж байдгийг нэг нь энэ. Надад төлөвлөсөн зүйл их бий. Аймагтаа пауэрлифтинг, масрестлингийн мэргэжлийн тамирчид бэлтгэж, дотоод, гадаадын тэмцээнд оролцуулах бодол бий.
