Манай төр засаг, яам, тамгын газрынхан соёлын өв, түүхэн дурсгал гэхээр нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзсээр ирсэн. Үүний хамгийн сүүлийн тод жишээ, нотолгоог Батлан хамгаалах яам (БХЯ)-ныхан харуулж байна. Мэдээж хэрэг өөрсдийн эзэмшил, данс балансад бүртгэлтэй газар дээрээ юу барих нь тэдний эрх мэдлийн асуудал. Тэр дундаа “Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн гэх хэргээс эхний удаа “мултарч чадсан”, “Ниссан патрол” жолоодож явсан, хошууч Э.Мөнхнарангийн удирддаг Барилга захиалагчийн албаныхны мэдэх хэрэг. Гэхдээ Цэргийн музейн эзэмшил газарт хүүхдийн цэцэрлэгээр халхавчлан орон сууцын барилга барих гэж буй нь хууль зөрчсөн, Монгол Улсад нэг мөр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийг үл ойшоосон үйлдэл юм.
ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ УЛСЫН ЗЭРЭГЛЭЛИЙН МУЗЕЙГЭЭ ХӨСӨР ХАЯЖЭЭ
Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, цэргийн түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсээр арвин баялаг үзмэртэй Цэргийн музейн газраас батлан хамгаалах салбарыг удирддаг эрх мэдэлтнүүд цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах нэрийн доор хумсалж, барилга бариулснаас үүдэн талбай нь жижгэрсээр буй юм. Цэргийн алба хаагчдын барьсан, зориулалтын барилгад үйл ажиллагаа явуулдаг Монгол цэргийн музей нь 9600 гаруй цуглуулгатай, байнгын үзвэрийн дөрвөн танхимтай, гадна талбайдаа зэвсэг, техникийн үзмэртэйгээр жилд 20 000 хүнд цэргийн түүхэн замналыг сурталчлан таниулдаг юм. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газар, БХЯ-ны зорилтод тусгадаг, хүүхэд, залууст цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх “лоозонг” хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй оролцдог музей. Жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэдэг олон улсын музейн өдрийг Монгол цэргийн музейнхэн газраа дээрэмдүүлж угтсан нь эмгэнэлтэй.
Хууль хэрэгжүүлэх ёстой БХЯ-ныхан түүнийг зөрчин барилгын ажил эхлүүлчхээд байгааг салбарын болон соёлын асуудал хариуцсан сайд нар үл ойшоож буй бололтой. Музейн тухай хуулийн 6.3-т “Үндэсний болон улсын зэрэглэлийн музей төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Өгүүлэн буй музей болохоор улсын зэрэглэлийнх. Гэтэл төрийн хамгаалалтад байх музейн эдэлбэр газрыг салбарын яам нь мэдэж, хумсалсаар байна. Мөн эл хуулийн 14 дүгээр зүйлд музейн аюулгүй байдлын талаар тусгасан. Музей орчны, барилга, байгууламжийн, сан хөмрөгийн аюулгүй байдлаа хангасан то-хиолдолд үйл ажиллагаа явуулах ёстой. Музейн тухай хуулийн 14.6-д “Музейн барилга, байгууламжаас 500 метрийн дотор шатахуун хадгалах, түгээх, тэсэрч дэлбэрэх, дэгдэмхий бодис хадгалах болон хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглоно” гэж заасан. Гэтэл өнөөдөр тэнд барилгын ажил эхлүүлж, газар шороог нь сэндийчин, хог хаягдал ч үүсгээд байна. Барилгын ажлыг эсэргүүцсэн, хууль сануулсан албан бичгийг Монгол цэргийн музейн удирдлага БХЯ болон соёлын салбар хариуцсан яаманд илгээж чадахгүй нь ойлгомжтой. Чих амар, чимээгүй сууж байгаад цэргийн тэтгэврээ тогтоолгох гэсэн, эсвэл тэтгэвэрт гараад буцаж төрийн албанд орж, цолоо сэргээлгэсэн, БХЯ-ны удирдлагын танил тал, ар, өврийн хаалганы хүмүүс тус музейг дараалан удирдаж буй учраас хуулийн дээрх заалтыг сануулах зүрх, зориг тэдэнд байхгүй.
Уг нь анх БХЯ-наас танилцуулсан зураг төслөөр бол Монгол цэргийн музейн баруун урд талд залгаа шахам талбайд хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай бүхий ногоон байгууламж, амралтын бүс байгуулах болсон байж. Гэтэл музейн урд талд нь нийлүүлээд шахам газар ухаж, суурь цутгасныг нь харвал яавч тоглоомын талбай, хүүхдийн цэцэрлэг бүхий ногоон байгууламжийнх биш гэдэг нь харагдана. Тиймдээ ч ойр хавийн оршин суугчид нь эсэргүүцэж, “Хууль бус барилгаа зогсоо. Хүүхдийн цэцэрлэг биш, 16 давхар орон сууц барих нь”, “Хүүхдүүдээ дураар нь тоглуулж, амар тайван орчинд амьдармаар байна” гэх байдлаар уриа лоозон барилгын хашаан дээр бичиж, тэмцэж эхэлсэн юм. Гэтэл оршин суугчдыг элдэв үгээр уяраасан уу, эсвэл мөнгө төгрөгөөр дуугүй болгосон уу, хашаан дээр бичсэн үгнүүдийг будгаар дарж, хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж барина гэж танилцуулсан самбараа ч буулгачхаж. Өдгөө тэнд олон давхар орон сууцын барилгын ажил үргэл-жилж байна.
БХЯ-ныхан төрийн хамгаалалтад байх улсын зэрэглэлийн энэ музейгээ хөсөр хаясаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Нийгмийн байдал өөрчлөгдсөн ороо бусгаа жилүүдэд энэ музейн барилгын подвалыг түрээслэн, саун нэрээр халхавчилсан биеэ үнэлэгчид байсныг зарим хүн мартаагүй. БХЯ-ны удирдлага нь цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 300 айлын орон сууц барьж байгаа гэжгазраас нь аваад ашиглалтад оруулах гэж бөөн хэл ам болсон удаатай. Эрх мэдэлтнүүд нь авлигын дуулианд холбогдож шалгуулсан ч тэгсхийгээд замхарсныг ч санаж буй хүн олон. Монгол цэргийн музейн газраас хумсалж барьсан 300 айлын орон сууцад өдгөө зэвсэгт хүчин, батлан хам-гаалах салбарын хэчнээн хүн амьдарч байгаа бол. Нэлээд хэсэг нь энгийн иргэдийн эзэмшлийнх болсон гэх.
ТӨСӨВ НЬ БАТЛАГДСАН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ОРОН СУУЦ БОЛГОХ САНААРХАЛ ХААНААС ГАРАВ
Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, Монгол цэргийн музейн эзэмшлийн газарт барилга барьж эхэлснийг эсэргүүцсэн иргэд холбогдох байгууллагад хандсанаар үйлчилгээтэй, 16 давхар орон сууц БХЯ-ны захиалгаар барьж эхэлснийг баталгаажуулж авчээ. Оршин суугчид нийслэлийн Хяналт шалгалтын газарт удаа дараа гомдол гаргасны эцэст төлөвлөгөөт бус шалгалт хийсэн аж. Уг шалгалтын дүндээ үндэслэн Хот байгуулалт, стандартын газарт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнд “Баянзүрх дүүргийн IV хороо, 15 дугаар хороолол, Монгол цэргийн музейн урд талд байршилтай, зоорьтой 16 давхар үйлчилгээтэй орон сууцын барилгын ажил, зураг төсөл, холбогдох зөвшөөрлүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. БХЯ-нд нийслэлийн ерөнхий архитектороос 2022 оны наймдугаар сарын 31-ний МЗХ2022/30-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, “Эрин зууны суварга” ХХК-д боловсруулсан орон сууцын цогцолбор барилга, хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээ гэх нэршилтэй загвар зургийг 2022 оны аравдугаар сарын 26-нд баталж, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны зургаадугаар сарын 12-нд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож, 2023 оны есдүгээр сарын 7-ны 01/10/2297 дугаартай албан бичгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Улмаар 2024 оны зургаадугаар сарын 3-нд дахин архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг 2025 оны гуравдугаар сарын 28-нд баталж, тавдугаар сарын 7-нд барилгын ажлын зөвшөөрөл олгожээ. Тухайн байршилд Хотын стандарт, хяналтын газар (хуучнаар)-аас хяналт шалгалт зохион байгуулж, хот байгуулалтын холбогдох норм ба дүрмийг зөрчсөн талаар Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны долоодугаар сарын 5-ны 02-13-01/025/130 дугаартай албан шаардлагыг танай газарт хүргүүлж, холбогдох зөвшөөрлүүдийг цуцлуулсан боловч хэрэгжилтийг хангуулалгүй дахин олгосон байна. Иймд зоорьтой 16 давхар, үйлчилгээтэй орон сууцын барилгын холбогдох зөвшөөрлүүдийг цуцалж, авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэхийг мэдэгдье” гэжээ.
Үүнээс үзэхэд БХЯ-ныхан хууль, холбогдох стандарт, журмыг үл ойшоон, төрийн хяналт шалгалтын байгууллагынхныг “нохой хуцсан” чинээ тоолгүй 16 давхар барилгын ажлыг үргэлжлүүлэхийг гүйцэтгэгч нараасаа шаардаж байхыг үгүйсгэхгүй.
Зөвшөөрөлгүй, хууль, журам, стандарт зөрчин цэцэрлэгийн барилга нэрээр халхавчлан орон сууц барьж буй талаар иргэд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаярт бас гомдол хүргүүлсэн юм билээ. Түүний нийслэлийн Хяналт шалгалтын газарт хаяглан 2025 оын тавдугаар сарын 15-нд бичсэн “Гомдол шалгаж, хариуцлага тооцох тухай албан бичигт “Миний бие 2022 оноос эхлэн Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барих төслийн ажлыг дэмжиж ирсэн. Энэ газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1621 дугаартай захирамжаар 3077 ам метр газрыг цэцэрлэгийн барилга барих зориулалтаар нийслэлийн Боловсролын газарт олгосон. Цэцэрлэгийн барилга барих хөрөнгийн эх үүсвэр болох 6 132 900 000 (зургаан тэрбум нэг зуун гучин хоёр сая есөн зуун мянган) төгрөгийг 2023, 2024 онд төсөвт суулгаж, 2024 оны аррванхоёрдугаар сард барилга барих гүйцэтгэгч нь шалгарч, гэрээ байгуулсан байна. Уг газар дээр БХЯ-ны албан хаагчдын орон сууц барих ажлыг гүйцэтгэгч болох “Төгс шийдэл” ХХК эхлүүлсэн. Тус барилгын ажлын зураг төсөл нь IV хорооны иргэдийн аюулгүй байдал буюу барилга хоорондын стандартын зайг зөрчиж, орц, гарц багатай, аливаа эрсдэл гарахад аюултай нөхцөлд байдаг орон сууцын барилгуудын зай талбайн ашиглалтыг бууруулж, цэцэрлэгийн цогцолбор нь анх төлөвлөж байсан байршлаасаа өөр газарт, багтаамжийг нь багасгаж, орон сууцын барилгын доорх үйлчилгээний талбайд хийгдсэн талаарх гомдол оршин суугчдаас ирсээр байна. Иймд дээрх гомдол, мэдээллийг шалгаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, хариу мэдэгдэнэ үү” гэжээ.
Тэгэхээр БХЯ-ныхан хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн, төсвийг нь баталчихсан газрыг дээрэмдэн 16 давхар орон сууц барьж эхэлжээ. Үүний цаана авлига, хээл хахууль, танил талын сүлжээ ч байх магадлалтай юм.
БХЯ-ныхан Музейн тухай хууль, Монгол Улсад мөрдөж буй барилга хоорондын зайн стандартыг зөрчөөд хүүхдийн цэцэрлэгийн газрыг булааж, орон сууц барьж байгааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хотын стандарт, хяналтын газар, Баянзүрх дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг дарга тэргүүтэн нь дуугүй л харсаар суух уу.