Засгийн газрын тэргүүн гэнэт ухаан оров уу, яав. Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай алба байгуулж, чадавхжуулах, гадаад улсын энэ төрлийн байгууллагатай хамтран ажиллах талаар Засгийн газрын хуралдаанаар ярьж, холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгөв. Уг нь Засгийн газар хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр гэгчээ олигтойхон мөрдүүлж, хил, гаалийн хяналт шалгалт, тоног төхөөрөмжөө сайжруулахад чиглэсэн санхүү, хөрөнгө мөнгөө түргэн шуурхай шийдвэрлэж, донтогчдыг эмчлэх төв байгуулчихсан бол өдийд ингэж тусгай алба байгуулна гэж ярьж суухгүй байсан биз. Уг нь цагдаагийн байгууллагад Хар тамхитай тэмцэх газар ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Харамсалтай нь, шүүхийн шатанд хар тамхичид, түүнийг наймаалагчдын толгойг илсээр байгаад өнөөдрийн хэмжээнд хүргэсэн юм. Үүнд шүүхийн буруу ч байхгүй. УИХ-ын гишүүдийн баталсан хуулийн цоорхой, хийдэл, хэт хөнгөн ял шийтгэд оноодог эрх зүйн зохицуулалт буруутай. Тийм ч учраас хар тамхичид, мансуурагчид гаарч, хөрөнгөлөг нь илүү үнэтэйг авч хэрэглэдэг, мөнгө төгрөг муутай хүмүүс элдэв эм, тариа зэргийг мансуурах зорилгоор авч хэрэглэдэг болсон. Хийдэл, цоорхойтой хууль эрх зүйн орчинтой учраас “Ковид-19” цар тахлын өмнө шүүхэд шилжүүлсэн ч өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй хар тамхины хэрэг шүүгчийн ширээн дээр байгаа тохиолдол ч бий. Гадаадын хар тамхины мафийнхан Монгол орныг онилж, мансууруулах бодис шуудан илгээмж ашиглан хил нэвтрүүлсээр байна. Нөхцөл байдал иймд хүрчихээд буй тул тусгай алба байгуулахаасаа урьтаж эрх зүйн орчноо чангатгах, хил гаалийн тоног, төхөөрөмж, хяналтаа сайжруулах, донтогчдыг эмчлэх төвтэй болох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болов уу.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 26-27-нд шилжих шөнө баар, цэнгээний газарт хяналт шалгалт хийж, 483 иргэнийг хамруулан анхан шатны тестээр сорил авахад урьдчилсан байдлаар манай улсын найм, Туркийн нэг иргэн энэ төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байна. Өмнөх шөнө нь 560 хүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсэхийг шалгахад манай улсын 11, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын хоёр, Украйны нэг иргэнээс илэрсэн. Мөн хоёр хүн тодорхой хэмжээний мансууруулах бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм.
Манай улсын иргэдийн дунд залуучуудад эчнээ танил болсон хүмүүс ч бий юм. Тухайлбал, “Централ” телевизийн “Тэнгисийн эрэг дээрх 24/7” гэх шоуны оролцогч, тамирчин Г.Ц гэх залуу мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн шалгуулж байна. Харин Нигерийн иргэн Ч.Чарлез, Е.Исаакийн шинжилгээнээс мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн. Тэд Монголд хэдийд ямар зорилгоор орж ирснийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм билээ. Үүнээс өмнө тэдэнтэй нутаг нэгт хүмүүс Монголд сургалтын төвийн англи хэлний багш, Монголын үндэсний их сургуулийн оюутан гэх халхавчаар орж ирээд мансууруулах бодис их хэмжээгээр худалдсан хэмээн цагдаагийнханд баривчлагдаж, зарим нь ял шийтгүүлсэн юм. Украины нэг иргэн мөн саатуулагдсан. Өмнө нь бас л тус улсын иргэд цахим шуудан ашиглаж мансууруулах бодис худалдаж байсан гэх хэрэгт холбогдож байсан юм даг.
ХИЛ, ГААЛИА ЧАНГАТГАХГҮЙ БОЛ МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭЭР
Монгол Улсын хилээр тамхи нэвтрүүлэн борлуулах урсгалыг таслан зогсоох чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй бол цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулаад төдийлөн үр дүнгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс хил, гаалийн хяналтын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулах нь нэн тэргүүнд хийх ажил байх ёстой. Үүнээс гадна үндэсний аюулгүй байдлыг хангах нүд, чих болсон тагнуулын байгууллагынхан ч ажлаа сайжруулахгүй бол манай улсыг онилсон хар тамхины мафийнхан элдэв хорт үйлдлийнхээ санхүүжилтийг монголчуудыг золиослон бүрдүүлж байх магадлал өндөр. Хилээр хар тамхи нэвтрүүлсэн ойрын хоёрхон жишээг энд эш татъя. Гэр бүлийнхээ энэ наймаанд татан оролцуулсан залуу тэднийгээ хэрэгтний ширээнд суулгачихаад байна. Тодруулбал, 27 настай иргэн И гэх залуу БНХАУ-аас карго илгээмжийн үйлчилгээ ашиглан багагүй хэмжээний мансууруулах бодис Монгол Улсын хилээр энэ оны зургаадугаар сарын 20-доор нэвтрүүлжээ. Тэрбээр уг мансууруулах бодисоо худалдан борлуулахдаа төрсөн эцэг, ах, эхнэр болон төрөл садангийнхаа хүмүүстэй хамтарч байсан нь тогтоогдсон аж.
Тэгвэл энэ сарын 20-21-нд шилжих шөнө Истанбул-Улаанбаатар чиглэлээр онгоцоор ирсэн манай улсын харьяат 43 настай З гэх эмэгтэй нэлээд их хэмжээний мансууруулах бодис биедээ болон тээшиндээ хийсэн эд зүйл дотроо нууж нэвтрүүлснийг цагдаа, гаалийнхан хамтран илрүүлсэн байна. Түүний эд зүйл, биеэс нь их хэмжээний мансууруулах бодис хураан авснаас гадна биологийн дээжид шинжилгээ хийхэд хэрэглэсэн нь ч тогтоогдсон аж.
Үүнээс өмнө Франц улсад амьдардаг манай улсын иргэн М нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд иргэн Т-тэй хамтран Германаас их хэмжээний мансууруулах бодис Монгол руу нэвтрүүлж байсныг цагдаагийнхан тогтоон, баривчилж, цагдан хориод буй юм билээ. Энэ мэтээр хил, гаалиар шуудан илгээмж ашиглан нэвтрүүлж байгаа тохиолдол олон.
МОНГОЛЫН 50 ИРГЭН ГАДААДЫН ДОЛООН УЛСАД ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА
Прокурорын байгууллагаас 2023, 2024, 2025 оны эхний хагас жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг судалжээ. Энэ хугацаанд 801 хэрэг бүртгэгдсэнээс 704 буюу 87.8 хувь нь нийслэлд, 97 буюу 12.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Орон нутгаас Дархан-Уулд 33, Орхонд 21, Төв аймагт 16 бүртгэгдсэн нь хамгийн их байгаа юм. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 2023 онд 292 бүртгэгдсэн нь өмнөх оноос 19.6 хувиар, 2024 онд 331 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 13.3 хувиар өссөн үзүүлэлт аж. 2025 оны эхний хагас жилийн байдлаар 178 хэрэг шинээр бүртгэгдсэн нь 2024 оны мөн үеэс 16.3 хувиар өссөн байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 871 хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьж, 716 хүнийг яллагдагчаар татан, 695 хүнд холбогдох 473 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гэнэ. Яллагдагчаар татагдсан 716 хүний 65.8 хувь нь 18-30, 28.2 хувь нь 31-44, 3.2 хувь нь 17 хүртэлх, 2.9 хувь нь 45-аас дээш насныхан. Хүйсээр нь авч үзвэл 85 хувь нь эрэгтэй, 15 нь эмэгтэй бөгөөд 67.7 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд.
Шүүх 462 хэрэгт холбогдох 669 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. 2025 оны эхний хагас жилд шийдвэрлэсэн хэрэг, шүүгдэгчийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хэрэг 14.1, шүүгдэгч 17.9 хувиар өссөн байна.
Энэ оны долоодугаар сарын байдлаар манай улсын 176 иргэн гадаадын 19 улсад ял эдэлж байгаагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэгт Герман, Турк, Япон, ОХУ, Солонгос, Хятад, Малайз гэсэн долоон улсад 50 хүн хоригдож буй аж.