Богд хааны ордон музейн салбар түүхэн дурсгалт барилга болох Богд хааны улаан ордны үлдэц Хайстай лаврин зуны ордонтой залгуулан хууль бусаар барилга барьж, газрын өмчлөх эрхийг нийслэлээс олгожээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлээс түүхэн дурсгалт газраа хамгаалах үүрэгтэй байтал, хамгаалаагүй харин ч давуу байдлаа ашиглан хууль бусаар газар олгосон байж болзошгүй байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас иргэн О.Баасандоржид 2023 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус газрын залгаа талбайд 700 м.кв талбайг өмчлөхөөр олгосон байна.
Уг газарт хууль бусаар автозасвар байгуулахаар газар ухаж байсныг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн хяналт шалгалтын газраас тус үйл ажиллагааг зогсоож, торгуулийн арга хэмжээ авчээ.
Тэгвэл өчигдөр уг газрын нөхцөл байдалтай танилцахаар очиход 200 м.кв талбайд хувийн орон сууц барихаар хундам цутгасан байдалтай байсан.

Нийслэлийн тусгай хамгаалтад байдаг газарт ямар эрх мэдэлтэн нь газар олгож, барилга барих зөвшөөрлийг олгосон байж болох талаар Нийслэлийн хяналт, шалгалтын газрын барилгын стандарт аюулгүй байдлын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ойдовдоржоос тодрууллаа. Тэрбээр “Хяналт шалгалтын явцад энэ газарт амины орон сууцны “А” зөвшөөоөл олгогджээ. Энэ барилга барьж байгаа газарт дулааны шугам сүлжээ дайруулсан болон Богд хааны Хайстай лаврин зуны ордны ойролцоо “А” зөвшөөрөл хэн олгосон эсэхэд хяналт, шалгалт үргэлжилж байна. Иймд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
Нийслэлийн А бүсэд барилга барих алаг дарам газар үлдээгүй болохоор түүхэн, дурсгалт газрыг хумслах, мөнгөтэй хэн бүхэнд өмчлүүлэх эрхийг хэн гэдэг ямар эрх мэдэлтэн олгосон нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Нийслэлийн газрын албанаас одоог хүртэл газрын гэрчилгээг нь гаргаж өгөөгүй байна
Уг түүхэн дурсгалт газрыг хамгаалах зорилгоор Богд хааны ордон музейн газраас орчны тохижилтыг хийхээр 2019 онд зураг төслийг хийж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж байжээ. Гэтэл нийслэлээс уг газарт гэрчилгээг нь олгоогүй байна. Мөн өөр олон түүхэн дурсгалт газрын гэрчилгээг одоог болтол олгоогүй байгаа нь бас өөр хэн нэгэнд хууль бусаар олгосон байх магадлалтай гэх хардлага төрүүлж байгаа юм. Хэрэв хууль бусаар хэн нэгэнд олгоогүй бол яагаад одоог хүртэл газрын мэдээллийн санд музейн эзэмшилд бүртгэгдээгүй байгаа нь ноцтой асуудал болоод байна.
Тухайлбал, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 157 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтыг газрын 2016 оны 340 дүгээр тогтоол, Удирдлагын академийн захирал, Богд хааны ордон музейн захиралын хамтарсан 2017 оны 01 дүэгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалын дагуу ажлын хэсэг ажиллаж, Түүхэн дурсгалд үл хөдлөх хөрөнгө болох Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдулам хатны сэрүүн лаврингийн барилгуудыг 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Удирдлагын академиас Богд хааны ордон музейн эзэмшилд шилжүүлэн хүлээлцсэн байдаг боловч Нийслэлийн газрын албанаас одоог хүртэл газрын гэрчилгээг нь гаргаж өгөөгүй, газрын мэдээллийн санд бүртгээгүй байна. Гаргаж өгөх хүсэлтийг Богд хааны одон музейн газраас удаа дараа хүргүүлж байжээ.


Ц.Эрдэнэбаатар: Нийслэл өөрөө энэ газрыг хамгаалах үүрэгтэй

Богд хааны ордон музейн захирал Ц. Эрдэнэбаатар “Богд хааны зуны ордон болох “Хайстай лаврин”-ны зүүн талаарх дулааны шугам сүлжээг засварлах ажил хийх гэж байгаа талаар шугам солих хүсэлтийг уг компаниас надтай холбогдож тавьсан. Өөрөөр хэлбэл, хашааг буулгах зөвшөөрөл хүссэн. Тэгээд буулгасан хашааг сольж, цоо шинэ хашаа барьж өгнө гэж ярьсан.
2009 онд Авзага трейд ХХК-д эзэмшихүүлэхээр уг газрыг олгосон. 2012, 2013 оны орчимд өмчлөх эрхийг олгосон байна лээ. Үүнийг өнгөрсөн цаг хугацаанд цуцалж, манай нэр дээр гэрчилгээ гаргаж өгөөч гэж олон удаа Нийслэлийн засаг дарга болон газрын албанд бичиг явуулсан. Энэ газар нь нийслэлийн хамгаалалтад байдаг. Харин музей бол улсын хамгаалтад байдаг. Нийслэл өөрөө энэ газрыг хамгаалах үүрэгтэй. Газар нь хэдийгээр манай газар луу ороогүй боловч соёлын өвийг хамгаалах тухай хууль болон соёлын хуулийн зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дурсгалт барилгын сүр барааг халхлах зорилгоор барилга байгууламж барихыг хориглодог.
2022 онд “Үнэгүй.мн” сайтад өмчлөлийн газар зарна гэх зар мэдээллийг хараад энэ газар өмчлөлийн газар юм байна гэдгийг бид анх олж мэдэж байсан. Тэгээд дахин Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн газрын албанд хандсан. Хэрэв энэ газрыг бидэнд шилжүүлж өгвөл бид цэцэрлэгжүүлэх хүсэлтэй байсан. Олон эздийг дамжиж зарагдаж явсаар энэ удаа хувийн орон сууц барих А даалгаврыг олгосон байна. Сүүлчийн хааны түүхэн дурсгалт газрыг энэ мэт үгүй хийж байгаа нь харамсалтай. Үлдсэн цөөхөн түүхэн дурсгалт газраа хамгаалчхаж болдоггүй юм байх гэсэн сэтгэлээр иргэдтэйгээ хамтарч хамгаалахаар ажиллаж байна” гэв.
Нийслэлийнхэн түүхэн дурсгалт өв соёлоо хамгаалах үүргээ умартан энэ мэт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, түүхэн дурсгалт газраа зарж, үрж байгаа нь олон иргэдийн дургүйцлийг хүргэхээс гадна соёлын тухай хууль болон Соёлын өвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.


