Сэлэнгэ, Өмнөговь, Булган аймагт ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамтарсан багийнхан хянаж, шалгажээ. Нийт 21 аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийснээс тав нь үйл ажиллагаа явуулаагүй байж. Тодруулбал, аж ахуйн нэгжүүдийн 13 нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй боловч зөвхөн зургаа нь үнэлгээнд заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан байна. Усны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд найман аж ахуйн нэгж ус ашиглах зөвшөөрөлтэй, мөн тооны компани ус ашиглах гэрээ, дүгнэлттэй, нийт 40 худаг ашиглаж буй боловч усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг цөөн тооны аж ахуйн нэгж л мөрдөж байжээ.
Шалгалтаар 64 зөрчил илрүүлж, прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулан, тусгай зөвшөөрөл эзэмшигч найман компанийн эзэмшигчийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоожээ. Мөн гэмт хэргийн шинжтэй зургаан үйлдэл илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлсэн аж.
Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” ХХК 2025 онд өрөмдсөн 16 цооногт нөхөн сэргээлт хийсэн талаараа тайлагнасан боловч газар дээрх шалгалтаар зургаан цооног олборлолтын үйл ажиллагаанд өртсөн, мөн зургаан цооногийн байрлалыг нүүрс буулгах талбай болгон өөрчилсөн байжээ. Энэ нь хайгуулын ажлын дараах цооногийн хадгалах, хамгаалах, байршлын бүртгэл, аюулгүй байдлын хяналтыг тогтмол хийх шаардлагатайг харуулж буй. Түүнчлэн гар аргаар, хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас үүссэн 200 орчим нүх, цооног байгаагаас зарим нь байгалийн нуралтын улмаас улам томорч, осол, эрсдэлийн түвшнийг нэмэгдүүлсэн байна.
Ч.Болор