Үндэсний шагайн харвааны төв асарт болсон шагайн харвааны улсын аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн болон хотын нийт 118 багийн 940 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорив. Нутаг бүрээс ирсэн шилдэг харваачтай багууд гурван өдөр ширүүхэн өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Багийн харвааны төрөлд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн, Ч.Буянжаргал ахлагчтай “Алтанговь транс” багийнхан түрүүлж, улсын аваргаар гурав дахь удаагаа тодорсон юм. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Дорноговийн Алтанширээ сумын уугуул, аймгийн гоц мэргэн Л.Алтангэрэл ахлагчтай “Ивээлт баян буурал”-ын харваачид мөнгө, Дорноговийн Улаанбадрах сумын уугуул, Монголын шагайн харвааны холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай “Аргалантын хөөвөр”-ийн тамирчид хүрэл медальтай нутгаа зорьсон юм.