Британийн BBC агентлаг телевизийнхээ бүтцийг өөрчлөх ажлын хүрээнд ирэх долоо хоногт мэдээний албаны зуу зуун ажлын байрыг цөөлөхөөр төлөвлөж буйгаа “Financial times” (FT) сонинд мэдээлжээ. Учир нь тус корпорацын бүх алба, хэлтэст зардлаа 10 орчим хувиар танах үүрэг өгсөн байна. Үүний дагуу нийт 2000 орчим орон тоог хассанаар хэдэн зуун сая фунт стерлинг хэмнэх тооцоо гарсан гэнэ. FT-ийн мэдээлэлд дурдсанчлан тус агентлагийн өргөн хүрээний цомхотгол мэдээний албанаас ийнхүү эхэлж байгаа аж. Эл өргөн нэвтрүүлгийн телевизийн 20 мянга гаруй ажилтны дөрөвний нэг нь уг албанд хамаардаг.
Өнгөрсөн сард тус сувгийн ерөнхий захирал Мэтт Бриттин “BBC санхүүгийн хувьд тогтвортой болохын тулд урьд өмнө нь байгаагүй хүнд шийдвэр гаргах сонголттой нүүр тулж байна” хэмээн мэдэгдсэн юм. “Гүүгл” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр томилолт, менежментийн зөвлөх үйлчилгээ, хурал зөвлөгөөн, шагнал гардуулах ёслолд үрдэг зардлыг танаж, залуу уншигч, үзэгчдийг татах ажилд хөрөнгө оруулахаа зарласан. Уг өргөн хүрээний цомхотгол нэвтрүүлгийн чанар, стандартыг мэдэгдэхүйц өөрчилнө гэдгийг сэтгүүл зүйн судлаачид анхааруулж байна. Харин BBC энэ талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан аж.
Д.Хэрлэн