Японы Төвбанк бодлогын хүүгээ 0.75-аас нэг хувь болгон өсгөснөө өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хоёр өдрийн турш хуралдсаны эцэст эл шийдвэрийг олонхын саналаар баталсан байна. Ингэснээр Япон Улс бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүргээд буй юм.
Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ өсөж, иений ам.доллартой харьцах ханш ихээхэн суларсан нь тус улсын инфляцыг хөөрөгдөх гол хүчин зүйл болжээ. Түүхий эдийн импортоос хамааралтай Японы хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь үнэ цэн суларсан нь дотоодын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг улам эрчимжүүлээд байв. Тиймээс энэхүү алхам нь иений ханшийг тогтворжуулах замаар инфляцын дарамтыг сааруулах, улмаар олон жил үргэлжилсэн хэт зөөлөн мөнгөний бодлогын эрин үеийг дуусгах зорилготой аж. Шинжээчдийн үзэж буйгаар уг шийдвэр нь зөвхөн Японы эдийн засгаар хязгаарлагдахгүй, дэлхийн санхүүгийн зах зээлд ч жинтэй нөлөө үзүүлэхээр байна. Бодлогын хүү өссөнөөр зээлийн өртөг нэмэгдэж, хөрөнгө оруулагчид гадаад дахь хөрөнгөө татан, Япон руу буцаах хөдөлгөөн эрчимжих магадлалтай. Улмаар дэлхийн хөрөнгийн биржүүд болон хөгжиж буй орнуудын валютын ханшид богино хугацааны савлагаа үүсэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж эхэллээ.
У.Сүрэн