УИХ-ын хаврын чуулган завсарласантай холбогдуулан спикер С.Бямбацогт өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр уг албан тушаалд сонгогдоод 90 хоног ажиллахдаа парламентыг нээлттэй, ил тод болгох, иргэдийн мэдэх эрхийг хангаж, хууль батлах үйл явцад оролцох боломж бүрдүүлэх, сонгосон гишүүдийнхээ идэвх, ажлын үр дүнг хянах боломжоор хангахад чиглэсэн зарим өөрчлөлт хийсэн гэсэн юм. УИХ-ын албан ёсны сайтад гишүүдийн ирцийн мэдээлэл, санал хураалтад биечлэн оролцсон, эсэх, тухайн асуудлаар дэмжсэн, эсэргүүцсэн зэргээр ямар санал өгснийг ч нарийвчлан харах боломж бүрдүүлсэн байна. Иргэд эл нарийвчилсан мэдээллийг parliament.mn болон “И-Монголиа” аппликэйшнд шинээр нээсэн “УИХ таныг сонсож байна” цэсээр дамжуулан хянах боломжтой аж. Мөн QR код уншуулан парламентаар хэлэлцэж буй асуудалтай танилцаж, дэмжих, үгүй талаар саналаа өгч болох нь. Ийнхүү ил тод, иргэдийн хяналт, оролцоог бүрдүүлснээр гишүүдийн хариуцлага, парламентын нэр хүндийг нэмэгдүүлэх зорилготой өөрчлөлт гэдгийг С.Бямбацогт онцлов. Хоцорсон, тасалсан минут бүрээр нарийвчлан мэдээлж эхэлснээс хойш гишүүдийн ирц, оролцоо сайжирсан гэнэ. “Өмнө нь гишүүд ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг, санал хураалтад биечлэн оролцохгүй, тэр нь эсрэг санал өгсөнд тооцогддог байсан. Тэгвэл биечилж саналаа өгсөн, үгүйг одоо бид ил тод мэдээлдэг болсон. Тиймээс иргэд сонгосон гишүүн нь ард түмний эрх ашгийн төлөө ажиллах үүргээ хэрхэн биелүүлж, тухайн хуулийн төсөл, асуудалд яг ямар санал өгч байгааг ч хянаж чаддаг болсон нь ахиц юм” гэв.
Цаашдаа гишүүдийн ажлын үр дүн, санаачилсан хуулийн төслийн болон бүрэлдэхүүнд нь багтсан ажлын хэсгийн тоогоор бус, түүнийгээ батлуулж чадсан, эсэх, хэр зэрэг идэвх, санаачилгатай оролцсоноор нь үнэлдэг болох юм байна.
С.Уул