
БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутныг ХӨСҮТ-д тусгаарласан билээ. Оюутнуудын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан хэмээн Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
Тэднийг энэ сарын 1-нд Ухань хотоос ирсэн даруйд нь шинжилгээ авч тусгаарласан юм. 14 хоногийн хугацаанд хоёр ч удаагийн лабораторийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан, мөн өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй аж.
"Оюутнууд Ухань хотод байхдаа нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Хятад улсын эмч нарт хянагдаж байгаад ирсэн эдгээр оюутны 14 хоног нь маргааш дуусах учир эмч нар хуралдан, маргааш эмнэлгээс гаргахаар шийдсэн" хэмээн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ярив.