
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн НЗДТГ-ын харьяа 9 дүүрэг, 35 агентлаг болон бусад харьяа байгууллагуудад цаг бүртгэлийн төхөөрөмжийг түр хугацаанд ашиглахгүй байхаар болжээ. Харин үүний оронд төрийн байгууллагын дотоод удирдлагын эйбл систем болон цаасан сууриар албан хаагчдынхаа цагийг бүртгэхээр болж байгаа аж.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Хотын дарга нийслэлийн харьяа байгууллагуудад ийм байдлаар цаг бүртгэх үүрэг өгсөн. Харин хувийн хэвшлийн байгууллагуудыг ийм байдлаар цаг бүртгэхийг Хотын захиргаа уриалж байна" гэв.
Нийслэлийн Засаг захиргааны байруудад ажиллаж буй төрийн албан хаагчид, үйлчилгээ авч буй иргэдэд тогтмол амны хаалт зүүх шаардлага тавьж, халуун хэмжигчээр халууныг шалган нэвтрүүлж байна. Мөн онцгой дэглэм тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед цэвэрлэгээ үйлчилгээндээ онцгой анхаарч Нийслэлийн засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн цэвэрлэгээ үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэн ариутгалын бодис бүхий уусмалаар халдваргүйжүүлж байгаа гэнэ.
