
Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд эх сурвалж нь тодорхойгүй хэд хэдэн худал ташаа мэдээлэл цацагдаж байна. Тухайлбал,
- "Амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн хуулиар торгоно" ХУДЛАА
- "Цагаан сараар айл хэсч, золголт хийж яваа иргэдийг дроноор хянана" ХУДЛАА
- "Нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана" ХУДЛАА
Дээрх мэдээллийн мөрөөр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Сар шинийн баяраар нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана гэх мэдээлэл яваад байна. Тэгвэл ийм зүйл Нийслэлийн онцгой комиссийн хуралдаанаар огт яригдаагүй. Мөн айл хэсч, золголт хийж яваа иргэдийг дроноор хянана гэдэг бол ташаа юм. Иймэрхүү хүний эрхэнд халдсан шийдвэр гаргах нь хуулиар хориотой" гэсэн юм.
Мөн өнөөдөр зарим сайтууд "амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн хуулиар торгоно" хэмээн мэдээлж байна. Тэгвэл энэ мэдээлэл мөн л ташаа байжээ. Тодруулбал, өнөө өглөө нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй ийм зүйл огт яриагүй. Харин зөвхөн "нус, шүлсээ хаясан иргэдийг Зөрчлийн хуулиар шийтгэнэ" хэмээн ярьсан аж.
Энэ мэт худал ташаа мэдээллүүд сүүлийн үед цахим орчинд ихээр цацагдаж байгаа тул иргэдийг эх сурвалжаа нягталж байж мэдээллийг цааш нь түгээж байхыг анхааруулъя.