
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БНХАУ-д туслах "МӨНХИЙН ХӨРШДӨӨ СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ" хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Монгол Улсын мөнхийн найрсаг хөрш болох БНХАУ-д сэтгэлийн дэм өгөх үүднээс энэхүү хүмүүнлэгийн аяныг зарлаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Иймд энэхүү хүмүүнлэгийн аянд нэгдэхийг ард түмэндээ уриалж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Сүүлийн үед коронавирусийн дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор Монголын олон ТББ болон иргэн аж ахуй нэгжүүд БНХАУ-д сэтгэлийн дэм өгье гэж санаачилга гаргасан. Иймээс үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах үүднээс Төрийн банканд данс нээсэн. Хандив өгөх хүсэлтэй хүмүүс нь дараах дансаар шилжүүлэх боломжтой.
Одоогоор БНХАУ-д Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, МҮХАҮТ, Хятадад суралцагч оюутны холбоо, Ардчилсан нам зэрэг байгууллагууд хандив өгсөн байгаа аж.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: БНХАУ манай улсын Налайхын зам, Шинэ цэвэрлэх байгууламж, Хурдны зам зэрэг томоохон төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Үүгээр зогсохгүй Монгол Улсад нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Сүүлийн жишээ гэхэд онцгой байдлын байгууллагад шинэ техник тоног төхөөрөмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж спортын ордон байгуулж өгсөн зэргээр монголчуудад их тусалж байгаа. Иймд мөнхийн хөршийнхөө хүнд хэцүү цаг үед хамтдаа байхыг нийт ард түмэндээ уриалж байна гэсэн юм.
Хандивын данс: 341303432597 /ТӨРИЙН БАНК/
Хүлээн авагчийн нэр: ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН