
Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг зогсолтгүй зохион байгуулсаар байна. Төлөвлөгөөний дагуу зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарсан. Мөн бидэнд Австрали улс руу "МИАТ" ТӨХК-ийн онгоцоор тусгай үүргийн нислэг хийх боломж гарлаа.
Өмнө нь тус улс руу манай улсын иргэний агаарын тээврийн нислэг огт хийгдэж байгаагүй. Энэхүү нислэгийг зарлахгүйгээр нууцаар хийх гэж байна гэх мэдээлэл гадуур байна. Тийм зүйл байхгүй юм шүү. Австрали улсаас ирэх хүсэлтэй 1000 гаруй хүний өргөдөлийг уламжлал ёсоор Шуурхай штаб дээр нэрсийг хүлээн авч баталгаажуулж байна.
Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Сиднейгээс даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна.
Ер нь 45 улсад манай улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байгаа ба тухайн улсад нөхцөл байдал ямар байгааг харгалзан цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. АНУ, Хойд Америкт 2000 гаруй, Азид 5500 гаруй, Европод байгаа манай улсын 2600 гаруй хүн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн, тоо шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд гадаадаас 9060 иргэнээ татан авсан ба агаараас гадна газраар ч татан авсан" гэж хэлэв.