
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэд E-JUSTICE.MN портал сайтаар дамжуулан авах боломжтой болжээ. Энэхүү системээр дамжуулаад иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авахаас гадна хуулийн байгууллагын ажил ил тод, нээлттэй болох ач холбогдолтой.
Тодруулбал, Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооноос 2015 онд Шүүх, хууль сахиулах байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах тухай тогтоол гаргажээ. Тогтоолын хэрэгжилтийг хангахаар хууль зүй, төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Прокурор, Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд хамтран хуулийн байгууллагуудын мэдээллийг иргэдэд хүргэх “нэгдсэн сан” байгуулжээ.
Уг нэгдсэн сангаас гэмт хэрэгт холбогдсон, хохирсон иргэд өөрт хамаарах мэдээллийг авах e- justice.mn портал сайтыг үүсгэжээ. Тухайлбал, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад тухайн гомдол нь шүүхийн байгууллагын аль шатанд явааг харах боломжтой. Уг системд 2017 оноос хойших эрүүгийн хэргийн мэдээллүүд багтсан байна.
Тус сайтруу нэвтрэхдээ регистрийн дугаараа бүртгүүлж, өөрийн нэр дээрх бүртгэлтэй гар утсан дээр нь нууц код очсоноор иргэн хуулийн бүх шатны байгууллагуудын мэдээллийг харах бүрэн боломжтой аж. Энэхүү портал сайт нь 2020.06 сарын 15-наас эхлэн иргэдэд үйлчилж эхэлнэ. Сануулахад гэмт хэрэгт холбогдоогүй, энгийн иргэд нэвтрэх боломжгүйг холбогдох байгууллагуудаас анхааруулсан юм.