
Махны үнэ 20 мянган төгрөг хүрлээ гэсэн мэдээ цахим орчинд тархсан. Цар тахлын улмаас хөдөөнөөс мах оруулахыг хориглож нөөцийн мах зарагдаж буйтай холбоотойгоор махны үнэ өсч байгаа. Гэвч 12 мянган төгрөгний өсөлттэй худалдаалагдаж байсан мах 20 мянган төгрөг хүрсэн гэх цуурхал тархсан нь иргэдийг ихээхэн цочирдуулсан. Иймд бид “Баянзүрх ”, “Бөмбөгөр “, “Хүчит шонхор”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвүүдийн мах махан бүтээгдэхүүний үнэ ханшийг сурвалжиллаа.
Дээр дурдсан худалдааны төвүүдийн махны үнийн өсөлт ижил байсан ч “Бөмбөгөр” худалдааны төв дээр дээд талдаа 15500-аар худалдаалагдаж байсныг “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас” анхааруулга өгч буулгасан гэдгийг худалдагч нар нь мэдээлсэн. Ингээд худалдааны төвүүдийн махны үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна.
МАХНЫ ҮНЭ ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Хонины цул мах – 9500- 15500 төгрөг
Хонины ястай мах – 11000- 13000 төгрөг
Ямааны мах – 7800-12000 төгрөг
Үхрийн мах – 11000- 15500 төгрөг
Адууны мах – 10000- 12000 төгрөг
Малын гэдэс – 17000 төгрөг
Таван цулын зүрх – 8000 төгрөгөөр тус тус өссөн байна.

Ийнхүү махны үнэ бодит байдал дээр 20 мянган төгрөг хүрээгүй ч дээд тал нь 15500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Худалдагч нарын зүгээс махны үнэ өссөн шалтгааныг тайлбарлахдаа мах хомсдсон, малчид ноолуурын шаталтаа нөхсөн учир нэмэгдсэн, хөдөөнөөс мах орж ирэхгүй , бид ашиггүй ажиллаж байна гэх мэт хариултыг өгөхөөс гадна “Арай ч 20 мянган төгрөгөөр худалдаалаагүй” гэсэн бол ,худалдан авалт хийж буй иргэдээс дараах тодруулгыг авлаа.

Дархлаа дэмжих ганц хүнс хомсдож, үнэ нь өссөн нь
цар тахлыг давахад хүндрэл учруулж байна
Иргэдийн зүгээс махны үнэ огцом өсч байгаа учир таван цул идье гэсэн ч махнаасаа илүү өссөн байна. Монголчууд бид дархлаагаа дэмжих ганц хүнснийхээ үнийг өсгөхөөр худалдан авалт буурна. Тэгэхээр энэ коронавирусийг хэрхэн даван туулах билээ. Ядаж таван цулаа хямдаар зарж болно шүү дээ. Хүнс ховордож байгаа энэ үед чоно борооноор гэгчээр махны худалдагчид үнээ тэнгэрт хатаачихдаг нь иргэдийг хүнд нөхцөлд оруулж байна хэмээлээ.
Ажил хийдэг , боломжтой иргэд нь махаа худалдаад авчихна. Харин хоногийн хоолоо залгуулж байгаа иргэдийн хувьд хүндрэл учирч байгааг хэллээ. Мөн махны үнэ огцом өсч байхад холбогдох байгууллагуудаас нь арга хэмжээ авахгүй байна гэдгийг ч иргэд илэрхийллээ.
Эндээс харахад цар тахлын эхэн үед лангуунууд хоосорч гурил будаа, махны үнэ огцом өсч байхад иргэд таван цулыг сонгож байсан бол өнөөдөр таван цул махны үнэ хүртэл өссөнд иргэд арга мухардаж байгаа нь ажиглагдаж байна.