
УИХ Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт “Улаанбаатар ба дагуул хот”-ын асуудлыг тусгахдаа Х.О.Т буюу Хүн төвтэй хотын бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил, Сайн засаглал, Дагуул хот бодлогыг баримталжээ.
Ирэх жилүүдэд Налайх, Багануур, Багахангай, Гачуурт, Хонхор, Майдар, Аэросити зэрэг хотуудыг бий болгох байдлаар төрөлжсөн хөгжилтэй хотуудыг хөгжүүлнэ. Харин Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэх аж. Орон сууцны бодлогын тухайд гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцны хороолол, тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, орон сууцны хангамжийг төвлөрсөн шугам сүлжээнд 70 хувь, инженерийн бие даасан эх үүсвэрт 30 хувийг холбон хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэл хотын хувьд хамгийн чухал асуудал болох нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлыг ч үүнд тусгасан. Олон төрөлт ухаалаг тээврийн сүлжээг бий болгож, тусгай замын автобус, агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон тээвэр, газар доорх тээвэр зэргээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.