
Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалыг Засгийн газраар батлууллаа. Энэхүү баримт бичгийг Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулсан юм. 2013 онд боловсруулсан нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд 29.6 хувьтай гарчээ. Биелэлтэд улс төр, эдийн засгийн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч цаашид энэ алдааг давтахгүй байх үүднээс нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан ажиллажээ. 2040 оны төсөөллөөр нийслэлийн хүн амыг 2.2 сая байх аж. Шинээр 495 мянган орон сууц ашиглалтад орж, нэг сая 50 мянган ажлын байр бий болно гэсэн төсөөллийг гаргасан байна. Энэхүү төсөөллийн дагуу амьдрах таатай орчноор хүрээлэгдсэн, өндөр боловсрол, идэвхтэй амьдралын хэв маягтай, улсын ирээдүйн цөм болсон иргэнийг хөгжүүлэх юм. Байгаль орчны чиглэлээр экологийн коридорыг бий болгох бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын хилийг дагуулан 50 метр өргөнтэй суурьшлыг хязгаарлах ногоон бүсийг байгуулна. Мөн одоогийн байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудад болон төлөвлөлтийн дэд төвүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах аж.
Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх энэхүү баримт бичигт инженерийн хангамж, зам тээврийн сүлжээ, орон зайн төлөвлөлт зэргийг тусгаж өгчээ.