
Нийслэл хот иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг боловсруулсан. Орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх хэлбэрээр зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авах замаар иргэдээ орон сууцжуулж, нөгөө талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Нийслэлд 5301 айлын орон сууц бэлэн байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, иргэдээ орон сууцжуулах боломж бүрэн байна. Одоогийн байдлаар орон сууцны сангаа бүрдүүлж байгаа аж. Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулах байдлаар зохион байгуулах юм байна.
Засгийн газар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Өмнө нь иргэн орон сууцаа тав хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгажээ. Мөн өмнө нь зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонголт хийх болзол тавьдаг байсан. Харин одоо гадаад, дотоодын зээл, тусламж болон хувийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг боломж бүрджээ. Түүнчлэн 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох зохицуулалтыг хийжээ. Ингэснээр иргэдийг орон сууцжуулах, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна.
Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө болон иргэдийг орон сууцжуулах бодлого төлөвлөлтийн талаар мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар авто замын сүлжээний нягтрал 2.1 км байгаа бол 2030 он гэхэд 3.6 км байхаар төлөвлөжээ. Хүн амын нягтралтай уялдуулан авто замын сүлжээний ирэх жилүүдийн төлөвлөгөөг гаргасан байна. Авто замын сүлжээний төлөвлөгөөнд Улаанбаатар хотод энэ онд 52 км дугуйн замыг барих ажлыг эхлүүлээд байгаа юм.