
Өнөөдөр зургаан мянга гаруй бизнес эрхлэгчид нэгдэж засгийн газарт шаардлага хүргүүллээ. Энэ талаар Бизнес эрхлэгчдийн нэгдлийн зохицуулагч Ж. Энхжаргал тайлбар хийлээ.
Тэрбээр “Бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосноос хойш гаргасан шийдвэр, шаардлагуудыг алдалгүй дагаж мөрдөж ирсэн. Ингэхдээ хөл хориог тавдугаар сарын нэгэн гэхэд цуцлах боломжтой хэмээн хүлээж байсан. Гэтэл сунгагдаж бид нарт тавьдаг шаардлага, сонгууль эхлээд л нам эвсэлд үйлчлэхээ больсон.
Тухайлбал нам эвслийн жагсаал цуглаанд доод тал 100-200 хүн ирж байна. Яагаад жирийн иргэд, бизнес эрхлэгчид энэхүү дүрэм журам нь үйлчлээд нам эвсэл, ухуулагч нарт нь үйлчлэхгүй байгааг гайхаж байна. Нэн ялангуяа бизнес эрхлэгч бидэнд тогтоосон дүрэм журмаа ярьж, таван сая, арван саяар нь торгодог мөртлөө энэ нам эвслийн жагсаал цуглааныг дуугүй харж байгаа нь шударга биш байна. Ганцхан бизнес эрхлэгчид, жирийн иргэдэд л энэхүү хууль үйлчлээд байгаа учир хөл хориог цуцалж өгөх саналыг ЗГ- т хүргүүлсэн. Бизнес эрхлэгчдийн 35-40 хувь нь дампуурах дөхөөд байна” гэв.
Иймд дараах шаардлагыг засгийн хүргүүлж байна
- Жилийн таван тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудын НӨАТ-ыг зуун сая төгрөгөөр чөлөөлөх
- НДШ – ийг тавин сая төгрөгөөр чөлөөлөх
- Жилийн гурван хувийн хүүтэй 3-5 жилийн эргэн төлөлтийн хугацаатай НДШ-ээр баталгаажуулсан 500 сая төгрөг хүртэлх барьцаагүй цалин хөлсний зориулалттай шинэ бизнесийн зээл ААН байгууллагад олгох
- Энэ он дуустал нийт ААН байгууллагуудын, НДШ, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар болон банк болон банк бус байгууллагуудын зээлийн төлбөрт алданги тооцохгүйн дээр байгууллагын данс хааж битүүмжлэхгүй байх
- Банкны зээлийн хүүг жилийн зургаан хувийн хүүтэй, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг жилийн 12 хувийн хүүтэй болгож, одоогийн хувь хэмжээг бууруулж өөрчлөлт оруулах гэсэн шаардлагыг ЗГ-т өргөн барьжээ.