
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ сард хийх нийт есөн удаагийн нислэгийг зургаа дахь нь энэхүү Сөүл-УБ чиглэлийн нислэг юм.
Энэхүү нислэг нь транзит биш, шууд нислэг бөгөөд БНСУ-д байхдаа нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэд ирж байгаа юм.
Тус нислэгээр 266 иргэн эх орондоо ирж байгаа ба тэдний 252 нь том хүн, 14 нялх хүүхэд аж.
Үүнээс
- бага насны хүүхэдтэй гэр бүл 41 хүн,
- өндөр настан 16 хүн,
- жирэмсэн 13 хүн,
- хөгжлийн бэрхшээлтэй 6 хүн,
- эрүүл мэндийн шалтгаантай 31 хүн,
- БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77 хүн,
- оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн бна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Наранбулаг, Сэлбэ, Ивээлэн амралтын газруудад тусгаарлана.
Харин өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирсэн. Тэднээс таван сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарласан юм.