-Чинээлэг иргэн болгох амлалтдаа хүрээгүй тул залуус гадаад руу явж байна-
Энхийн цагт залуус эх орноосоо “дайжиж” байна. Өдөр бүр Солонгос руу явах нислэгүүд дүүрч, эсрэгээрээ нутаг буцах Монгол хүн үгүй шахам. Үүнээс МАН өнгөрсөн жилүүдэд улс орноо хэрхэн удирдаж, эдийн засгаа “сэхээ”-нээс гаргаж чадсан, эсэх нь тодорхой харагдана. Сонгуулийн циклээр иргэдийнхээ чихэнд цэцэг ургуулж, улмаар цүнх баригчдыг угжиж, тэрбумтан болгодог нь нууц биш. 3.5 сая хүн амтай Монгол Улсад аж үйлдвэржилт хөгжсөнгүй, уул уурхай тэр дундаа түүхий нүүрсээ хэр их борлуулснаас хамаарч төсөв ганхдаг тогтолцоо нэгэнт бий болжээ. Цаасан дээрх эдийн засгийн өсөлт иргэдийн халаасанд шингэсэнгүй. Нэг оронтой тоогоор илэрхийлэгдэх инфляц ардын нурууг авч байна. Сарын таван сая төгрөгийн төлөө эх орон, элгэн садан, үр хүүхдээ орхиж явахаас өөр гарцгүй болсон залуус нэмэгдсээр буй.
2020 оны УИХ-ын сонгуульд МАН дараах мөрөөдлийн жагсаалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнээс зөвхөн эдийн засгийн бодлогыг нь эргэн сануулъя. Тодорхой хэлбэл, “Ирэх дөрвөн жил хөгжилд хүргэх мега төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. Эрчим хү экспортолно. Хүчирхэг эдийн засагтай, чинээлэг иргэн бүхий орон болно” хэмээх гол агуулгыг тусгаж өгчээ. Тэгвэл 2024 онд дээрх мөрөөдлийн жагсаалт хэрэгжсэн үү. Чинээлэг иргэн бүхий орон болж чадсан уу...
Дээрх мөрийн хөтөлбөрт тусгаснаар иргэн бүр чинээлэг болж чадаагүйг гадаад руу гарсан иргэдийн статистик илтгэнэ. Үүнээс харахад 2022 онд 728 638 иргэн гадагшаа явсан бол 2023 онд 2 043 077 иргэн хилээр гарчээ. Үүнээс гадагшаа явсан иргэдийн тоо бараг гурав дахин нэмэгдсэн нь харагдана.
Өдгөө дөнгөж 2024 оны хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг чичрүүлж, батлуулахаар улайрч буй. Тэрнээс биш сан нь байгуулагдаад, үр өгөөжийг нь иргэд хүртсэн зүйл алга. Мөрөөдлийн жагсаалтаа биелүүлсэн дүр эсгэхийн тулд ийнхүү сонгуультай зэрэгцэн дээрх хуулийг батлах гэж буй.
Газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна гэсэн. Шатахуунаа 20-30 хувиар хямдруулж авах нь битгий хэл, шатахууны хомсдолд орж, жолооч нар ШТС-уудад дугаарлаж, бензиний үнэ “хаданд” гарсан өвлийг үдлээ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хугацаа хойшилж, мөн тухайн үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудал “толгойны өвчин” болсон. Жилдээ 1.5 сая газрын тос боловсруулахаар зорьж буй ч түүхий эдээ хэрхэхээ шийдээгүй. Явж явж дотоодоосоо хангах боломжгүй гэх үнэнтэй нүүр тулсан. Тиймээс 2024 он гарсаар гурван сарын хугацаанд Монгол Улс нефтийн импортод 557.1 сая ам.доллар зарцуулаад байна.
“Эрчим хүч экспортлогч орон болно” гэх заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт бийг дээр дурдсан. Дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй, улсын нийслэл нь “харанхуй хот” болохын даваан дээр хүйтний эрч суларлаа. Өвлийг давахын тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос “Тогоо тохируулъя” аяныг хэрэгжүүлж, тогны хязгаарлалт хийж, ОХУ, БНХАУ-аас эрчим хүч импортолж байж ард нь гарсан. Үйлдвэрлэл нь чинээндээ тулж, станцууд нөөцгүйгээр хамаг хүчээ шавхаж, арай ядан ачааллыг давж буй ийм үед эрчим хүч экспортлох тухай яригдахгүй л болов уу.
Түүнчлэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн оронд сонгуулийн өмнө “1072 хувьцаа”-ны ногдол ашиг болох хэдхэн цаасаар иргэдийнхээ сонголтод нөлөөлөх гэж оролддог үзэгдэл давтагдлаа. “Хувьцаа орсон уу” хэмээх үг хүн бүрийн аманд “орж”, МАН-ын пи ар үүгээр дамжин иргэдийн тархинд нөлөөлөх аж. Тус пи арт нэг их наяд гаруй төгрөгийг цацчихлаа. 2022 оны аравдугаар сард Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилж, тус компанид онцгой дэглэм тогтоосон. Энэхүү дэглэмийн цаана “Төрийн компани ашигтай ажиллалаа, иргэддээ ногдол ашиг тараалаа, нүүрсний экспортын хэмжээ рекорд тогтоолоо” хэмээх мессежийг хүргэх байв. Хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүй өнгөрсөн дөрвөн жилд иргэдээс оноо авах боломж нь энэ. Тийм дээ ч Бүрэн эрхт төлөөлөгч томилж, нүүрсний хулгайчдыг илрүүлсэн мэтээр жүжиг тавьсан билээ. Иргэд ногдол ашигт хууртагдахын оронд хөгжилд хөтлөх мега төслүүд хэрэгжсэн үү гэж эрх баригчдаас асуух хэрэгтэй. Цаасан дээр бичсэн уул уурхайн бүтээгдэхүүний гүн боловсруулах үйлдвэрүүдийг барих ажил юу болсон бэ. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх биш юм гэхэд гаргах, таниулах мөрөөдлөө яах вэ. Цаашид түүхий нүүрсний экспортоо нэмэгдүүлж, түүхий эдийн ханшийн уналт, өсөлтөөс төсвийн хараат байдал үргэлжилсээр байх уу. Эрх баригч намаас энэ мэт асуултуудад хариулт авч, сонголтоо хийдэг болмоор байна аа.
МАН цалингийн өсөлтөөр “попордог” ч иргэдэд энэ нь мэдрэгддэггүй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад иргэдийн дундаж цалин 2.3 сая төгрөгт хүрсэн гэдэг. Гэтэл сая төгрөг хүртэлх цалинтай иргэд жин дарна. Үүнээс татвараа төлөөд 800 гаруй мянган төгрөг гар дээрээ авч өдөр хоногийг өнгөрөөж буй. Харин дарга сэтэртэн, төрийн түшээд, авлигын мөнгөөр туйлагчдын ирээдүй илүү гэрэлтэй. МАН-ын мөрийн хөтөлбөр иргэдэд бус намын гишүүддээ ээлтэй, тэдэнд ашигтай цоорхойг бий болгодог. Товчхондоо, сонгуулийн цикл бүрээр намын гишүүд хожиж, иргэд хохирсоор үлддэг нь бичигдээгүй хууль хэрэгжсээр 30 жилийг үзэв.