- Шинээр барих сургууль, цэцэрлэгт ажиллах 20 мянга орчим багш бий юү –
“Би биологи, эрүүл мэндийн багш мэргэжилтэй. Улсын сургуульд 20 гаруй жил ажиллаж байна. Улаанбаатар хотод багшилж байгаад Дорнодод ирсэн. Орон нутгийн багшид цалингийн нэмэгдэл олгодог тул хэдэн төгрөгийн ахиуг харж шилжсэн юм. Гэвч би сард гар дээрээ хоёр сая төгрөгийн цалин авч чадахгүй байна. Урьдчилгаа 700 мянга, сарын төгсгөлд нэг сая орчим төгрөгийн цалин авдаг. Бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ цагт ийм цалингаар амьдралаа залгуулна гэдэг хэцүү. Бодит байдал ийм байхад хэн багшаар ажиллахыг хүсэх билээ. Миний таньдаг багш нарын олонх нь гадаад руу “дүрвэчихлээ”. Газар зүй, монгол хэл, математикийн багш маань Чех болон Солонгост ажиллахаар явсан. Багш нар бага цалинтай хэрнээ маш их ачаалалтай ажилладаг. Сүүлдээ ажлаасаа халшрах хам шинжтэй болчихлоо. Стресс бухимдлаас үүдэлтэйгээр бамбай булчирхайн зангилаа үүсэж, дуу чимээнд байсаар чих дүлийрсэн. Олон жил ажилласан багш нар чих шуугих, дүлийрэх, хараа муудах, толгой өвдөх гээд бүгд л ижилхэн мэргэжлээс шалтгаалах өвчин хэлж байна” гэж багш Б ярьсан юм.
Түүнийхтэй ижил “зовлон”-той багш олон бий. Багш хэмээх нэрээ бодож, гаднаа болж бүтэж байгаа мэт харагдавч өөрийн үрсээ гаргуунд нь хаяад түмний хүүхдийн төлөө цаг наргүй зүтгэж зүтгэчхээд авсан цалингүй, алдар гавьяагүй үлддэг нь цөөнгүй. Дорнод аймагт ажиллаж буй нэгэн багшийн жишээ гэхэд л ийм байна. Тэрбээр 20 гаруй жил багшилсан ч өдгөө өөрийн гэсэн байр ч үгүй аж. “Орон сууц худалдаж авъя гэхээр урьдчилгаанд өгөх мөнгөгүй. Цалингийн зээл авч урьд¬ чилгаагаа бүрдүүлчхээр үлдсэн төлбөрийг нь барагдуулж хүчрэхгүй байна. Түрээсний байранд л амьдардаг. Ганц би биш, олон багш ийм шалтгаанаар өөрийн гэсэн орон сууцтай болж чаддаггүй. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын олонх нь гэр хороололд амьдарч байгаа. Гар дээрээ хоёр сая төгрөгийн цалингүй багш 200-300 сая төгрөгийн үнэтэй байранд яаж орох билээ. Тиймээс л амьдралаа бодоод ажлаа солихоос аргагүйд хүрч байна” гэж багш Б ярив.
2028 ОНД БАГШИЙН ЦАЛИНГ 1000 АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ ГЭВ
Харин Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн сарын 31-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа “Багш нарын цалинг нэмэх асуудлыг эсэргүүцэж байгаа хүн ховор. Энэ жил үндсэн цалинг нь зургаан хувиар өсгөж, 1.4 сая төгрөгт хүргэлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Засгийн газрын хэмжээнд ярьж шийдэх асуудал юм. 2028 он гэхэд багш нарын үндсэн цалинг 1000 ам.доллар буюу 3.4 сая төгрөгт хүргэнэ. Багш нарын үндсэн цалинг өсгөснөөр чадварлаг боловсон хүчин энэ салбарт орж ирнэ гэдэгтэй санал нийлж байна. Үндсэн цалинг нь жил бүр зургаан хувиар өсгөж, үүн дээр бусад нэмэгдлийг тооцож үзвэл 2028 онд тухайн багшийн ажилласан жил, гүйцэтгэл, байршлаас хамаарч цалин нь 2.6-3.5 сая төгрөгт хүрэхээр байгаа” гэсэн юм.
Салбарын сайд нь ийнхүү багш нарынхаа амьдралаас тасарсан зүйл ярьж, өндөр цалин өгөхөө ирээдүй цаг дээр амлаж суугааг хараад олон багш эгдүүцэж, цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тухайлбал, “Багш нар эхний 10 жилд ямар нэгэн нэмэгдэл авдаггүй. Юун 2028 он. Тэр үед цалин гурван саяд хүрэхэд юмны үнэ хэд байх вэ”, “Гурван жил хүлээх нь бүү хэл, ирэх намар ажлаа хийх, үгүйдээ тулаад байна. Ажлаас гарна гэсэн багш нар олон бий шүү”, “Багшийн цалин хоёр сая төгрөг хүрэхгүй байхад яаж амьдрах юм бэ. Олон сургууль мэргэжлийн багшгүй, сургалтын үйл ажиллагаа нь доголдоход тулаад байна. Энэ байдлаараа бол ирэх намар ажил хаяна. Сонгууль угтсан шоу” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ.
Боловсролын салбар улам уруудан доройтож, сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй, ажиллах багш байхгүй, өнөөгийн нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг салбарын сайд нь ч хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Улсын хэмжээнд нийт сурагчийн 88 хувь нь хоёр буюу түүнээс дээш ээлжээр хичээллэж байна. Өнгөрсөн онд 4500 орчим багш дутуу байсан. Арваннэгдүгээр сард энэ тоо 1500 болж буурлаа. Цаашид сургууль, цэцэрлэг шинээр барихад 20 орчим мянган багш дутах тооцоолол гарсан. Багшийн хомсдолыг арилгахын тулд орон нутагт ажиллаж буй багш нарыг дэмжих иж бүрэн бодлого хэрэгтэй. Ялангуяа, сумын багш нарт цалингийн 40 хувийн нэмэгдэл ол гож эхэлсэн. Одоо амьдрах орон байр хэрэгтэй” хэмээсэн. Мөн тэрбээр “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтад нийт 3.9 их наяд төгрөг шаардлагатай. 2026 онд улсын төсвөөс 1.7 их наядыг шийднэ. Үүний нэг их наяд буюу 58.8 хувийг төсвөөс, 27 хувь буюу 460 тэрбумыг нь нийслэл, орон нутаг, 9.1 хувь буюу 160 тэрбум төгрөгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээс шийдвэрлэхээр төлөвлөсөн” гэдгийг дуулгасан билээ.
2030 ОНД СУРАГЧИЙН ТОО 88 МЯНГААР НЭМЭГДЭХ НЬ
Улсын хэмжээнд өдгөө ерөнхий боловсролын 885 сургуульд 37 770 багш ажиллаж байна. Эдгээр сургуульд нийт 700 гаруй мянган хүүхэд сурч буй. Харин 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуульд элсэх хүүхдийн тоо 88 мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ. Энэ хэрээр цэцэрлэг, сургууль, ажиллах боловсон хүчний эрэлт нэмэгдэнэ. Тиймээс Боловсролын яамныхан улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөөд буй. Ойрын хугацаанд буюу 2026, 2027 онд барьж, ашиглалтад оруулах гэнэ. Мөн 79 сургуулийг засаж, шинэчлэх юм байна. Гэвч цаасан дээрх эл төлөвлөгөө нь биелэх, эсэх нь эргэлзээтэй. Улсын төсвийн санхүүжилттэй сургууль, цэцэрлэг, эмнэлгийг яст мэлхийн хурдаар барьдгийг хэн хүнгүй л мэднэ. Олон жил “гацаасны” эцэст хүүхдүүдийг хохироосон тохиолдол цөөнгүй. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумд нэг сургууль барих гэж зургаан жил “ноцолджээ”. Сургуульгүй үлдсэн 3000 орчим хүүхэд орц хонгил, зориулалтын бус танхимд гурван ээлжээр хичээллэж буй. Энэ тухайд П.Наранбаяр сайд “2019 оноос эхлүүлсэн сургуулийн барилгын ажил хэт удаашралтай байсан тул гэрээг цуцалсан. Үүнийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байна. Цогтцэцийд нөхцөл, байдал хүнд байгаа” гэхээс өөр тайлбар хэлээгүй. Сургууль барих гэж “дуншсаар”, анхны өртгийг нь хэд дахин нэмэгдүүлж, санхүүжилт нь хүрсэнгүй гээд гэдийчихдэг муухай зан гүйцэтгэгч компанийнханд бий. Ийм байхад сургууль, цэцэрлэгийг 100, 100-гаар нь барих нь юу л бол. Барилаа гэхэд ажиллах багш бий юү. Шинээр барих сургууль, цэцэрлэгт 20 мянга орчим багш дутах тооцоо гарсныг салбарын сайд нь хэлчихсэн шүү дээ.
Боловсролын салбар багшийн хомсдолд орсон нь цалинтай холбоотойг ХЭҮК-ынхон хэлдэг. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалинг олигтой нэмэхгүй, гал унтраах төдий явж ирсэн нь мэргэжилтнүүдийг цөөрөхөд хүргээд буй юм. Тодруулбал, 2023 онд багшийн үндсэн цалин 1.2 сая төгрөг байсан бол хоёр жилийн дараа ердөө 200 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1.4 сая болжээ. Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор багшийн цалин 1 484 000 төгрөгт хүрсэн байна. Үүн дээр сум, тосгон, орон нутгийн нэмэгдэл гэж 40 хувь олгодог ч НДШ, ХХОАТ зэрэг шимтгэлд суутгуулсаар гар дээр нь 1.7 сая төгрөг ногдвол их юм. Ийм цалин аваад залуу багш нарыг алслагдсан газар, сум, тосгонд ажиллаж, амьдар гэж байгаа нь эмгэнэлтэй. Ядаж амьдрах орон байрыг нь шийдэж өгөөгүйгээс багш нар цалингийнхаа талаас илүү хувийг түрээсэнд төлдөг аж.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН “НӨХӨӨС” ЗАДРАХ ВИЙ
Сайд, дарга нар шилний цаанаас чихэр долоолгох мэт 1000 ам.долларын цалин амлаж, хий хоосон мөрөөдөж суухад хэчнээн багш ажлаас гарах өргөдлөө бичээд хүлээж суугаа бол. Ерөнхий боловсролын сургуульд олон жил ажилласан, туршлагатай багш нар ажлаас хал ширч буй талаараа хэлнэ лээ. Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн залуу багш нар сурагчдын дүн гаргасны дараагаас л цааш ажиллах зориг зүрхгүй болж байгааг ч хэлсэн. Хүүхдийн минь дүнг ийм, тийм гаргалаа гээд эцэг, эхчүүд нь шаагиад л ороод ирдэг гэнэ. Бага цалинтай, дээрээс нь хүмүүжилгүй хүүхдүүд, эцэг, эх, асран хамгаалагчдын хэл ам багш нарыг туйлдуулж байгааг тэд нуусангүй. Мөн бичиг цаасны ажилд хэт дарагдсанаас сурагчидтайгаа ярилцах, ойлголцох, хүмүүжүүлэх ажил орхигдож буйг багш нар хэлсэн. Багш хүн бол сурган хүмүүжүүлэгч. Гэвч одоогийн багш нар хи¬ чээлээ л халти заахаас биш, хүүхдийг хүн болгон төлөвшүүлэх цаг, боломж, сэтгэл дутаж буйгаа ч хүлээн зөвшөөрнө лээ.
Эрүүл мэнд, боловсрол бол нийгмийн суурь салбар. Харамсалтай нь эмч, багш нарын цалин ТҮК-ийн ажилтан, автобусны жолоочоос хэд дахин бага. Оюун санааны удирдагч нарыг төрүүлдэг багшийн мэргэжлийн үнэ цэн унасаар байвал төлбөргүй сургая ч гэсэн сурах хүүхэд олдохгүй л болов уу. Ялангуяа хими, физик, биологийн багшийн мэргэжил эзэмшиж буй хүний тоо эрс цөөрсөн гэдэг. Асуудлыг үндсээр нь шийдэхгүйгээр курсийн болон тэтгэвэртээ гарсан багш нарыг дайчилж, боловсролын салбарын “нөхөөс” нэг л өдөр задрах вий. Нүд нь харахгүй, шүд нь унасан ахмад багш нар хүүхдүүдийн элэг доог болж, хичээл заасан нэр төдий явааг эхнээсээ шүүмжлэх болсон. Жишээ нь, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн багш ийн ярьсан юм. “Тэтгэвэртээ гарсан ч дуудагдаж ирсэн нэг ахмад багш маань нүдний шилнийх нь шил унасныг ч харахгүй зүүж яваад сурагчдын доог тохуу боллоо. Амандаа шүдгүй болсон багш шүлсээ үсчүүлэн хүүхдүүдэд хичээл заах ямар сайхан байх вэ” гэв. Сонгууль болохоор л сургуулийн байрыг нь штаб болгож, хэдэн багш нарыг дайчилдаг шигээ амьдралдаа санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжоор хангах нь төр засгийн үүрэг юм. Боловсролын салбарын үе үеийн сайдууд багш нарт хөнгөлөлттэй үнээр орон сууц олгоно, хотхон байгуулна гэж “попордог”. Хэдий болтол хий хоосон амлаж, боловсролын тэгш бус байдлыг гааруулах вэ. 1000 ам.долларын цалин “горьдсон” борог амьдралтай багш нарыг бодохгүй, тордохгүй бол мянган сайхан сургуулийн хэрэг юун.