Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг авто машин, мотоциклын бартаат замын олон төрөлт уралдаанаас “Баха 150”, “Баха 250” өрсөлдөөнтэй болдог. Энэ удаагийн “Баха 150”-д залуучуудын ангилалд 22 тамирчин хурд сорьсноос 12 нь амжилтын оноо хүртэв. Тэднээс 03 дугаартай Ц.Дашням түрүүлж, 33 оноо хүртсэн бол 128 дугаартай Х.Амартүвшин дэд байрт шалгарсан. Баха уралдаанд суурь буюу идэвхийн 10 оноо өгдөг. Этап 1-д эхний 36, этап 2-т 18, нийлбэр цагаар 10-т багтсан тохиолдолд цагийн үзүүлэлтээр нь эзэлсэн байрлалд хамаарах оноог амжилтын оноо болгон олгодог юм.
Энэ онд болсон тав дахь цуврал уралдааны нэг “Баха 150”-д УАЗ ангиллын 48 тамирчин оролцсоноос 19 нь улсын аваргын оноо хүртжээ. Тэднээс 15 нь чансааг тэргүүлж буй. Түүнчлэн тус уралдаанд тамирчдаа амжилттай сойсон “Аваргууд” клубийнхэн 53 оноо авч, 270 оноогоор тэргүүллээ хадгалж, “Зэв”-ийнхэн 13 онооны зөрүүтэй ард нь бичигдэв.
Сонирхуулахад, “Silk way”буюу “Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан Монгол Улсын нутаг дэвсгэрт долоодугаар сарын 15-21-нд болно. Хурд, хүч, эр зориг шалгадаг эл уралдаанд гадаад, дотоодын 750 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн уралдааны замын чиглэл ОХУ-ын Иркутск хотоос эхлэн Байгаль нуур, Улаан-Үдээр дамжин манай улсын хилээр нэвтэрч Улаанбаатараас Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийг дамжин, өнгөрч хойд хөршийн Горно-Алтайск хүртэл үргэлжлэх гэнэ.