“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагынхан хамтран “И-Монголиа” системд мод бүртгүүлэх цэсийг шинээр нэмжээ. Иргэд эл аппликэйшнд нэвтрэн “Мод бүртгүүлэх” цэсийг сонгосноор өмнө нь болон шинээр тарьсан модоо бүртгүүлэх юм байна. Мөн ямар төрлийн модыг хаана, хэзээ тарьсан тухайгаа мэдээлэл болон зургийг нь ч оруулах боломжтой аж. Ингэснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг бодитой үнэлэх, эргэх холбоотой ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Цаашлаад тарьсан модоо ургуулаад урамшуулал авдаг болгохоор ажиллаж буй гэнэ. Манай улс 2028-2030 онд 850 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөөд буй билээ. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар нийт 84 сая мод тарьснаар тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо хэмжээ өмнөх онуудаас 5-6 дахин нэмэгджээ.
Э.Сондор