Украинчууд нэг жил хагас бэлтгэж байж Оросын дөрвөн муж дахь нисэх хүчний бааз руу дроноор хэдхэн хоногийн өмнө довтолж ихээхэн хохирол учруулав. Нийтдээ Оросын 40 гаруй онгоц цохилтод өртсөн байна. “Аалзны тор” гэх томьёолсон нэртэй уг тусгай ажиллагаа Оросын далавчит пуужин тээгч нисэх онгоцны бүр 34 хувийг нь жагсаалтаас гаргасан гэж Украины аюулгүй байдлын алба мэдээлэв. Орост учруулсан хохирлоо долоон тэрбум ам.доллар гэж ч хэлсэн.
Нисэх төхөөрөмжөө ачааны машинаар тээвэрлэн Мурманск мужийн “Оленья”, Эрхүү мужийн “Белая”, Иваново мужийн “Иваново”, Рязань мужийн “Дягилево” баазад ихээхэн ойрхон очиж хөөргөн цохилт өгсөн байх юм. Уг ажиллагааг Украины тусгай албаны тэргүүн Василий Малюк биечлэн удирджээ. Цохилтын үр дүнд Украины Ерөнхийлөгч Зеленский сэтгэл нэн хангалуун байж, Малюкт тусгайлан талархал илэрхийлжээ. “Украин хэзээ ч дайн хүсэж байгаагүй. Гэхдээ өөрийгөө, ард түмнээ, тусгаар тогтнолоо хамгаалах эрхтэй. Чухам тиймээс өөрт байгаа бүх хэрэгслээ ашиглан энэ бүхнийг хийлээ. Хамгийн сонирхолтой нь манай энэ ажиллагааны “оффис” Оросын газар нутагт нэг мужийнх нь Аюулгүй байдлын албаны конторын ер хажууд нь байсан юм” гэж Украины Ерөнхийлөгч Зеленский хэлсэн байх юм.
Оросын нисэх хүчний “Белая” бааз Сибирьт Украины хилээс 4.5 мянган километр, “Оленья” нь 1.7 мянган километр зайд оршдог аж. Украин энэ ажиллагаандаа 117 дрон ашигласан байна. Эдний мэдээллийн эх сурвалжаар бол Оросын Ту-95, Ту-22М3 онгоцнууд, пуужин зөөгч Ту-35МС зэрэг хамгийн сүүлийн үеийн загварын бөмбөгдөгч онгоцнууд цохилтод өртжээ.
Оросын хувьд одоо нисэх онгоцны буудлууд зэрэг чухал объектуудын хамгаалалтаа хүчтэй болгох шаардлагатай болсон нь анзаарагдав. Агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл, алба хаагчдын тоог цаашдаа нэмэгдүүлэх хэрэгцээ бий болсон байна гэж шинжээчид үзжээ. Оросын ар талын цэргийн дэд бүтцэд цохилт өгөх нисгэгчгүй төхөөрөмж ашиглах технологи, тактикаа Украин улам боловсронгуй болгож, сайжруулсаар байгаа нь энэ сарын 1-нд нисэх хүчний баазууд руу хийсэн довтолгооноос харагдсан байна. Устгагдсан, гэмтсэн нисэх техникээ сэргээхэд Орост ихээхэн хугацаа, хөрөнгө шаардагдах нь мэдээж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Оросын удирдагч Путин утсаар ярихдаа Украинд хариу барихаар заналхийлсэний дараа Украины Ерөнхийлөгч Зеленский Путиний өмнө сул байдал гаргахгүй байхыг дэлхийн улсуудын удирдагчдад уриалав. Трампын хэлснээс үзвэл Украины “Аалзны тор” ажиллагаанд зохих хариуг нь өгнө гэж Путин мэдэгдсэн аж. Зеленскийн дурдсан баримтаар энэ он гарсаар Оросын арми 27 мянган бөмбөг, 11 мянган “шахед” пуужин, есөн мянга шахам нисгэгчгүй бусад төрлийн төхөөрөмж, 700 гаруй пуужингаар Украинд цохилт өгсөн байна.
Сонирхуулахад Ватиканы тэргүүн хамба XIV Лев Оросын Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьжээ. Тэд харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоны зэрэгцээ Украины хийгээд дэлхий дахины өнөөгийн байдалд онцгойлон анхаарсан байна.
Брянск, Курск мужуудад украинчууд хоёр гүүр дэлбэлсний дараа Владимир Путин энэ үйл явдалд тайлбар өгчээ. Энэ ташрамдаа Украины Ерөнхийлөгчтэй нүүр тулж уулзах боломжийг үгүйсгэв. Оростой Украиныг холбодог гүүрийг дэлбэлсэн ажиллагааны тухай Засгийн газрынхаа хуралдаан дээр хөндөхдөө Путин украинчуудын энэ үйлдлийг алан хядах ажиллагаа гэж үзэж буйгаа илэрхийлээд, ийм ажиллагаа зохион байгуулсанд нь Киевийг буруутгажээ. “Байлдааныг 30, 60 хоногоор зогсоох, дээд хэмжээний уулзалт хийхийг тэд хүсэж байдаг. Ийм нөхцөлд тийм уулзалт яаж хийх билээ. Юуны тухай ярих юм бэ. Алан хядах ажиллагаа хийж буй улстай хэн хэлэлцээр хийх юм бэ” гэж Путин хэлсэн байна. Зеленский болохоор ихэд шамдангуй, “Уулзалтыг даваа гаргаас хойш аль ч өдөр хийж болно” гэсэн байх юм. Тэрбээр бас Турк, АНУ, Украин, Оросын дөрвөн талт дээд түвшний уулзалт хийхийг Режеп Тайип Эрдоан санал болгосон гэж хэлсэн байна. Түүнчлэн саяхан Истанбулд болсон яриа хөөрөө олзлогдогсдыг солилцохоос өөр ямар ч асуудал шийдээгүйг өгүүлжээ. Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский энэ сарын 7-9-ний амралтын өдрүүдэд уг солилцоог хийхэд Оросын тал бэлэн гэж хэлсэн байна. Хоёр талаас тус бүр 1200 хүн солилцох бололтой. Мөн амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг талууд авах аж.
Агаарт, газарт, далай тэнгист ямар нэг болзолгүйгээр галыг бүрэн зогсоох нь энхийн хэлэлцээр хийх урьдчилсан нөхцөл болно гэж Владимир Зеленский үзэж байгаа юм байна. Тэгвэл хүмүүнлэгийн үүднээс 2-3 өдөр энх амгалан байдал тогтоохоос Киев татгалзаж буй нь түүний дэглэмд энх тайван ерөөс хэрэггүй юм байна гэдэгт биднийг итгүүлэхэд хүрч байна гэж Путин хэлжээ.
Дайн эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд Орос, Украины төлөөлөгчдийн анхны уулзалт тавдугаар сарын 16-нд, хоёрдахь нь зургаадугаар сарын 2-нд Истанбулд боллоо. Эдгээрт хоёуланд нь оролцсон Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан дараачийн уулзалтыг хүлээж байна гэж мэдэгдлээ. Түүний тэмдэглэснээр яриа хөөрөө “ашиг тусаа өгч байгаа” аж. Гурав дахь уулзалтыг энэ сарын 2030-ны үед хийхийг Киев санал болгоод байна.
Р.Жаргалант