Нийслэлийн хэмжээнд хүн ам хамгийн олонтой Баянзүрх дүүрэг ахмад настан, хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй болжээ. Тодруулбал, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа есөн давхар, 160 ортой эмнэлгийг өчигдөр нээсэн юм. Энэ талаар дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “Баянзүрх дүүргийн 450 гаруй мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдсан асуудлыг өнөөдөр шийдлээ. Ялангуяа, хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцдэггүй байсан. Энэ эмнэлэгт зүүн бүсийн 12 хорооны иргэдэд 22 нэр, төрлийн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Нийт 160 орны багтаамжтай бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлтээр 40 ор дэлгэх боломжтой. Томуу, томуу төст өвчний үед зөвхөн хүүхдүүд хүлээж авахаар төлөвлөсөн” гэв. Ташрамд дуулгахад, уг эмнэлэгт өнгөрсөн онд дүүргийн төсвөөс 1.3, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн рентген, дурангийн аппарат зэрэг тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалттай тавилга худалдан авчээ. Цаашид компьютер томографи, MRI шинжилгээний аппарат шаардлагатай гэнэ.
Ч.Туяа