Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентын гишүүд арав гаруй хоногийн өмнө хэлэлцэн баталлаа. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугарын энэ үед хэлсэн “Иргэнийг зургаан жилээр ялладаг хар жагсаалт гэдэг зүйл үгүй болно” хэмээх үг нийгэмд хүлээлт үүсгээд байна. Энэ хууль чухам хэдийнээс хэрэгжиж, Монголбанк Зээлийн мэдээллийн сангаа шинэчлэхийг асууж сураглаж буй хэсэг байхад банк санхүүгийн байгууллагууд хэзээнээс шинэ хуулийн хүрээнд, уян хатан нөхцөлөөр иргэдэд зээл олгодог болох вэ хэмээн чих тавих хүн нөгөө талд нь үүнээс олон байх аж. Фэйсбүүк дэх “Зээлийн мэдээллийн сан-Хар жагсаалт”, “Хар жагсаалтад багтсан иргэд” зэрэг 20-30 мянган гишүүнтэй бүлгэмүүдэд үүнтэй холбоотой асуулт, хариулт, сураг ажиг төдий баталгаагүй мэдээлэл өдөр тутам хөвөрсөөр. Эдгээрт хариулт болох, хуулийн шинэчлэл, өөрчлөлт тойрсон мэдээллээс хүргэе.
Эл хуулийн төслөөр Зээлийн мэдээллийн тухай хуульд ердөө хоёр заалт нэмж оруулан, мөн хоёр хэсгийг өөрчлөн найруулжээ. Маш цомхон гэсэн үг. Нэмэлтээр оруулсан гол заалт нь “Зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг Монголбанкнаас баталсан онооны аргачлалын дагуу тогтооно” гэсэн хэсэг. Өнөөдрийг хүртэл үйлчилж ирсэн, одоо ч хүчин төгөлдөр буй хууль, журмаар бол зээл, төлбөрийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанаас хэд хоног хэтрүүлснээс нь хамааран иргэдийн зээлийн мэдээллийн түүхэнд “хэвийн бус”, “эргэлзээтэй”, “муу” гэсэн “хар тамга” дарж байгаа. Ингэхдээ хэдий хэмжээний зээл, өр төлбөрийн үлдэгдэлтэйг нь харгалздаггүй. Таван мянга, таван сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй хүнд ижил шийтгэл ногдуулдаг зохицуулалттай. Эл “тамга” Монголбанкны Зээлийн мэдээллийн санд зургаан жил хадгалагддаг бөгөөд зээлдэгч өр төлбөрөө барагдуулсан ч хар түүх нь энэ хугацаанд арилдаггүй. Тэгвэл цаашид иргэдийн зээлжих зэрэглэлийг өмнөх муу түүхэнд үндэслэж бус, онооны аргачлалаар тогтоох аж. Үндсэндээ “хар жагсаалт”-ыг халж, шинэ системээр үнэлж эхлэх нь. Төвбанк иргэдийн зээлийн муу түүхийг олон жил хадгалдаг хуучирсан, хөшүүн, харгис гэмээр зохицуулалтаа болино, банк, банк бус санхүүгийн байгууллагууд Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд үндэслэж иргэдийг давхар “яллаж”, хатуурхдагаа зогсооно гэсэн үг. Үүнийг жишээгээр дэлгэрүүлье.
Иргэн Туяа гадаад руу суралцахаар явахдаа ашиглаж байсан утасны дугаараа хамаатны дүүдээ үлдээжээ. Эргэж иртлээ ашиглуулахаар тохирсон учир үүрэн телефоны байгууллагад хандаж, албан ёсоор шилжүүлэг хийлгээгүй гэнэ. Гэтэл дүү нь өнөөх дугаарыг нь утастайгаа хамт гээж орхижээ. Ингээд тухайн дугаар өөрийнх нь нэр дээр бүртгэлгүй учир сэргээж, ашиглаж чадахгүй хэсэг хугацаанд хаалттай байлгаж. Туяа жил гаруйн дараа Монголд амрахаар ирэхдээ л утасны төлбөрөөс болж Монголбанкны “хар жагсаалт”-д хариуцлагагүй, найдваргүй зээлдэгчээр орсноо мэдсэн аж. Ингээд үүрэн телефоны холбогдох компанид гомдол гаргаж, муу түүхээ засуулах арга чарга эрэлхийлээд тусыг эс олжээ. Анх дугаар худалдаж авахдаа бүртгүүлсэн цахим шуудан, холбоо барих ойр дотнын хүмүүсийнх нь утсанд төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл огт ирээгүйг тэрбээр хэлэв. Заргалдаад, хөөцөлдөөд нэмэргүйг мэдсэн тул хуримтлагдсан төлбөрөө барагдуулж, өр “Хар жагсаалт” хэмээх хадны мангаанаас хагацах цаг айсуй гүй болжээ. Гэсэн ч Зээлийн мэдээллийн сан дахь муу түүх нь арилалгүй үлдэж. Үүнээс болоод тэрбээр банк санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ авах эрхээ хязгаарлуулж, адлагдсанаа хэлсэн юм.
Яг үүнтэй ижил байдлаар хохирсон иргэн манай улсад цөөнгүй. Айл болгонд ийм хар түүх бий гэхэд хилсдэхгүй. Угаас 2011 онд баталсан Зээлийн мэдээллийн тухай хуулиар бий болгосон Зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх тогтолцоо иргэдэд боломж, сонголт олгох, эрсдэлийг бууруулахаас гэхээсээ илүү сав л хийвэл тэднийг шийтгэх, санхүүгийн харилцааг нь хязгаарлахыг урьтал болгодог. Төвбанкныхны хийдэг хамгийн сайн ажил нь “хар жагсаалт” хэмээх хадны мангаагаар иргэд, аж ахуйн нэгжүүдээ айлгаж сүрдүүлэн, боломжийг нь хязгаарлах. Тус байгууллагынхан “Хар жагсаалт гэж байдаггүй. Зээлжих зэрэглэлийн ангилал, лавлагаа л гэж бий. Энэ нь зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтөд л хамаатай ойлголт” хэмээн зөөлрүүлж, зөвтгөхийг оролддог ч бодит байдалд иргэд гар утас, ус, дулаан, цахилгааны зэрэг хэрэглээний төлбөрөө цаг тухайд нь төлж чадаагүйгээсээ, эсвэл хэн нэгний хариуцлагагүй, хайнга үйлдлээс ч болж зээлийн муу түүхтэй зургаан жил зууралддаг юм. Яг одоо гэхэд Төвбанкны Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д манай улсын хүн амын зургаа орчим хувь буюу 200 мянга гаруй иргэн байна. Тэд зээл авах эрх, банк санхүүгийн байгууллагатай харилцах боломжоо ямар нэгэн байдлаар хязгаарлуулсан гэсэн үг.
Шинэ зохицуулалтаар бол иргэн Туяа гэрээнд заасан нөхцөлийн дагуу гар утасны төлбөрөө алдангитай нь барагдуулсан тохиолдолд өөр шийтгэл хүлээхгүй. Гагцхүү түүний кредит скор буюу зээлжих зэрэглэлийн оноо нь өөрчлөгдөнө. Хэрэв тэр өмнөх зээл, төлбөрөө хугацаанаас нь хэтрүүлж байгаагүй хариуцлагатай, сайн зээлдэгч бол оноо нь буурсан ч зэрэглэл нь огцом доошлохгүй. Харин өмнө нь нэг бус удаа ийм алдаа гаргаж байсан бол оноо нь тэр хэрээр буурч, хойшид хариуцлагатай байхаас аргагүй нөхцөл үүснэ гэсэн үг. Сайн, муу зээлдэгч байх сонголтыг гагцхүү иргэд өөрсдөө хийж, хариуцлагаа хүлээнэ, Төвбанк тэднийг хар, цагаан жагсаалтад оруулж, ялгаварлахгүй.
Хэрэв уншигч та анзаарсан бол төрийн мэдээлэл, үйлчилгээний “И-Монголиа” цахим системд“Зээ-лийноноонылавлагаа”гэсэн цэс хэдийн бий болчихсон. “И-Монгол академи” УТҮГ-ынхан “Бүрэн скор”, “Сайн скор” зэрэг компанийн Зээлийн мэдээллийн сантай хамтран зээлийн онооны лавлагааг өнгөрсөн онд цахимжуулсан. Зээлийн мэдээллийн тухай хуульд “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд Монголбанкнаас тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу өдгөө манай улсад эл хоёр компани л тусгай эрхтэйгээр үйлчилгээ үзүүлж буй юм. “Сайн скор” гэхэд АНУ-аас эхлээд дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг “Fico score” аргачлалыг нэвтрүүлсэн. Тухайн иргэний өр, орлогын харьцаа, хүн ам зүйн мэдээлэл, лавлагаа авсан давтамж, зээлийн төрөл, тоо зэргээс хамааран эрсдэлийг нь 350-800 оноогоор үнэлдэг. Банк, банк бус санхүүгийн зарим байгууллага өдгөө үүнийг ашиглаж буй. Тэгвэл цаашид яг ийм зарчимд тулгуурласан онооны системд нэгдсэн байдлаар шилжих нь. Хууль санаачлагч “Бүрэн скор”, “Сайн скор” компанийн бий болгосон онооны систем рүү шилжинэ. Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэгч компанийн тоо цаашид нэмэгдэнэ. Хэрэглэгч буюу иргэд аль компанийн системээр үнэлүүлэх вэ гэдгээ өөрөө сонгоно. Тэр нь хаана ч, аль ч банк санхүүгийн байгууллагад хүчин төгөлдөр үйлчилнэ” гэсэн юм. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг асар богино хугацаанд баталсан нь төр засаг энэ шилжилтэд хэдийн бэлтгэж, хөрс суурийг нь бэлдсэнтэй холбоотой аж. Харин одоо Монголбанк онооны аргачлалаа баталснаар хуулийг энэ сараас хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх гэнэ.
Кредит онооны системд тулгуурлан зээлжих зэрэглэлийг тогтоосноор зээлийн хүртээмж сайжрах, хүү буурах, банкуудын өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтойг эдийн засагчид хэлж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас олгож буй зээлийн хүүгийн 10 гаруй хувийг эрсдэлийн зардал эзэлдэг гэнэ. Учирч болзошгүй эрсдэлээ тооцоолон бүх зээлдэгчээс ийм хувиар хүү авдаг аж. Харин кредит скор системд шилжиж, зээлдэгчдийн хариуцлагын үзүүлэлтийг илүү нарийвчлалтай хэмждэг болсноор өндөр оноотой, найдвартай үйлчлүүлэгчид ийм хүү тооцохгүй байх боломжтой. Ингэснээр зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэх нь. Тэрчлэн өндөр оноотой хүмүүст илүү бага хүүтэй, урт хугацаатай зээлийг барьцаа хөрөнгөгүй олгох шийдлүүдийг ч хэлэлцэж байгаа сурагтай. Энэ хууль Монголбанкныханд “гэмээ цайруулах” боломжийг олгох бололтой.
Мэдээж хууль, эрх зүйн хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт хийхэд анхаарах, болгоомжлох зүйл бишгүй. Тэр тусмаа санхүүгийн харилцаатай холбоотой асуудалд бүх талаар хянамгай, тооцоололтой хандах нь зүйн хэрэг. Гэхдээ яг энэ шилжилтийн үед мэргэжлийн хүмүүс яагаад зээлдэгчдэд боломж, сонголт олгох асуудлыг л голчлон хөн¬дөөд байна вэ гэвэл Төвбанк “хар жагсаалт”-аар далимдуулан өнгөрсөн хугацаанд ядарсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд эр бяраа хангалттай гаргасан. Эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан төрийн тусгай сангаас тэрбум тэрбумын зээл авсан хүмүүсийг энэ жагсаалтдаа оруулдаггүй хэрнээ хэрэглээний зээл, төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлсөн хүмүүсийг хайр найргүй бүртгэж, хатуурхдаг. Ус, дулааны төлбөрөө 40 мөнгөөр дутуудуулж төлснөөсөө болж зээлийн “хар данс”-нд орсон тохиолдол ч байна. Ийм харьцангуй, шударга бус тогтолцоо гэж юу байх вэ.
Жирийн иргэдэд жигтэйхэн хатуурхдаг энэ сангийн мэдээлэл улс төрчдийн дохиураар устаж, арилдгийг ч бид өнгөрсөн жилүүдэд нэг бус удаа харлаа. 2024 онд гэхэд Монголбанкны 100 жилийн ойгоор шалтаглан парламентын сонгууль болохоос хоёрхон сарын өмнө 155 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн муу түүхийг сайжруулсан. Ийм хууль, дүрэмгүй, дураараа тогтолцоо гэж юу байх вэ. Энэ бүхэн зээлийн мэдээллийн сан болон зээлжих зэрэглэлийн тогтолцоонд дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийх цаг болсныг нотолж байна.
Н.Мишээл