Аваргуудын лигийн финалд "Пари Сен-Жермен" багийн ялалтын баяр мөргөлдөөн, эмх замбараагүй байдал болж хувирчээ.
Ням гарагийн шилжих шөнө Францын цагдаа нар Парист 490 орчим хүнийг баривчилж, Аюулгүй байдлын албаны мэдээлснээр хоёр хүн амиа алдсан байна.
Бямба гарагт болсон Аваргуудын лигийн финалд тус баг Миланы “Интер”-ийг 5:0-ээр бут ниргэж, түүхэндээ анх удаа Европын клубуудын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй цомын эзэн болсон юм.
Тоглолтыг үзэж, дараа нь ялалтаа тэмдэглэхийн тулд 50 мянга орчим хөгжөөн дэмжигчид Парисын төв хэсэгт орших Елиссейн талбай болон “Парис Сен-Жермений”-ийн “ Парк де Принс” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо цугларчээ.
Эйфелийн цамхагийг “Парис Сен-Жермений” өнгөөр будаж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус хөлбөмбөгийн клубт баяр хүргэн "ПСЖ-ийн хувьд гайхалтай өдөр! Браво, бид бүгдээрээ бахархаж байна. Өнөө орой Парис Европын нийслэл боллоо" гэж Х худастаа нийтэлсэн байна.
Гэвч баяр тэмдэглэж буй зарим шүтэн бишрэгчид салют буудуулж, машинуудыг шатааж, автобусны буудлуудыг эвдэж, цагдаа нартай мөргөлдөж эхэлжээ. Иймрхүү үйл ядлал Парист төдийгүй Францын бусад хотуудад болов.
Францын аюулгүй байдлын албаны мэдээлснээр мөргөлдөөний улмаас 192 хүн шархдаж, хоёр хүн амиа алдсан байна. Тэдний нэг болох 23 настай залуу Парисын төвд машинд дайруулж амиа алдсан бол нөгөө нь 17 настай хүү Францын баруун өмнөд хэсгийн Дакс хотод бусдад хутгалуулж нас баржээ.
22 цагдаа шархадаж, нийт 599 хүн баривчлагдсаны 491 нь Францын нийслэлд байв.
Үүмээн дэгдээгчид дэлгүүр, мухлагнуудыг дээрэмдэх гэж оролдож хаалга, цонхыг нь эвдэж буй бичлэг сүлжээгээр тархжээ.
Ялалтын хаалгыг(Arc de triomphe) чиглэн жагсах гэж оролдсон хүмүүсийг тараахын тулд цагдаа нар усан буу ашигласан бөгөөд нулимс асгаруулагч хий ашигласан гэх мэдээлэл ч байна.
Францын Дотоод хэргийн сайд Бруно Ретайло өөрийн олон нийтийн сүлжээнд "ПСЖ-ийн жинхэнэ хөгжөөн дэмжигчид багийнхаа гайхалтай тоглолт үзэж жаргалаа. Харин зэрлэгүүд Парисын гудамжинд гарч гэмт хэрэг үйлдэж, цагдаа нарыг өдөөн хатгасан" гэж бичжээ.