Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц байгуулах төслийн тендерт 2021 онд шалгарч байсан БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани дампуурчээ. Энэ тухай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын танхимд мэдэгдсэн юм. Дээрх аймгуудад орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны 10 станц, дулаан дамжуулах 88 төв, нийтдээ 65 орчим км урттай дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системийг ашиглалтад оруулах төсөлд БНСУ-ын Экспорт, Импортын банкнаас 150 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Гэвч цар тахал, түүний дараах нийгэм, эдийн засгийн хямралтай нүүр тулсны улмаас төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компани өнгөрсөн дөрөвдүгээр сард дампуурлын хамгаалалтад хамрагдах хүсэлтээ гаргажээ.
“Бид Өмнөд Солонгосын Захиргааны шүүхийн шийдвэрийг хүлээлгүй Экспорт, Импортын банкныхантай нь хоёр ч удаа уулзсан. Солонгосын талын буруугаас шалтгаалсан учраас зээлийн хүү гүйж буй нөхцөлийг зогсоох тухай хэлэлцээр хийе гэж Монгол дахь ЭСЯ-ныхантай ч ярилцсан. Шүүхээс ямар шийдвэр гарахаас шалтгаалж, шинээр томилогдох эрх хүлээн авагч энэ төслийн одоогийн нөхцөл байдлыг үнэлээд, үлдсэн ажил дээр нь дахин тендер зарлах, эсэхийг шийднэ” хэмээн Б.Чойжилсүрэн сайд ярилаа. Гэрээнд зааснаар бол энэхүү төслийг гүйцэтгэгч компани ирэх жил манайд хүлээлгэн өгөх байсан юм.
Г.Сансар