Даваа гарагт Стабул хотын Чираган ордонд ОХУ боон Украины энхийн хэлэлцээрийн хоёр дахь шатны уулзалт болов. Хэлэлцээ хаалттай хэлбэрээр явагдсан бөгөөд цаг гаруй үргэлжилжээ.
Өмнөх уулзалтын адил Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн зөвлөх В.Мединский, Украины төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүлсэн байна.
Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээ болох эсэх нь сүүлийн мөч хүртэл тодорхойгүй байв. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров уулзалтыг зохион байгуулахыг санал болгож, гал зогсоох боломжтой нөхцөл бүхий санамж бичгийн төслийг бэлтгэхийг Киевт уриалсан. Украины тал зөвшөөрч, өнгөрсөн долоо хоногт бичиг баримтаа хүлээлгэн өгсөн байна. ОХУ-ын төлөөлөгчид мөн ийм зүйл хийхээс урьдчилан татгалзаж, уулзалтын өдөр саналаа танилцуулна гэж мэдэгджээ. Уулзалтаар хэлэлцэх асуудлыг тодорхойлсон баримт бичгийг Москва урьдчилж өгөхөөс татгалзсан нь Украины төлөөлөгчид Станбулд ирэх эсэх тухай асуултад хариулахаа эцсийн мөч хүртэл Киевийг хойшлуулахад хүргэжээ. Эцэст нь зургадугаар сарын 1-ний ням гаригийн орой Владимир Зеленский хэлэлцээр болно гэдгийг батлав.
Москва, Киев хоёр хүмүүнлэгийн шинэ арга хэмжээний талаар тохиролцож чадсан ч энхийн гэрээ байгуулах нь бүү хэл гал зогсооход ч хүргэсэнгүй.
Энэ удаагийн хэлэлцээ өмнөх уллзалтын адил хүмүүнлэгийн асуудлаар тохиролцоонд хүрэв. Талууд "бүгдийг бүгдээр" гэсэн томъёоллын дагуу дайнд олзлогдогсдын томоохон хэмжээний солилцооны талаар тохиролцсоноо баталлаа. Энэ нь 25-аас доош насны залуучууд, хүнд шархадсан гэсэн хоёр ангилалаар явагдана.
Мединскийн хэлснээр энэ солилцоо дайн эхэлснээс хойшхи "хамгийн том хэмжээний" солилцоо бөгөөд Оросын талаас үзүүлж буй "хүмүүнлэгийн бэлэг" гэж тодотгов.
Талууд мөн амиа алдсан цэргүүдийн цогцсыг солилцох талаар буюу Умеровын хэлснээр, "6000 х 6000" форматаар тохиролцжээ.
Харин Мединский арай өөрөөр байна. Ирэх долоо хоногт ОХУ Украины талд зургаан мянган "нас барсан Украины цэрэг, офицеруудын хөлдсөн цогцсыг" "дангаараа" шилжүүлж, тэднийг "хүн шиг оршуулах" боломжийг олгоно гэж тэрбээр мэдэгджээ.
"Мэдэхгүй, хэрэв тэдэнд ямар нэгэн цогцос байгаа бол бид бас хүлээн авах болно. Бид үүнийг хараахан мэдэхгүй байна" гэж Мединский хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Уулзалтын өөр нэг гол сэдэв нь Киев Москваг хулгайлсан гэж буруутгаж буй Украины хүүхдүүдийг эх нутагт нь буцаах тухай байв ОХУ болон эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа хэдэн зуун хүүхдийн жагсаалтыг Оросын талд өгсөн гэж Умеров мэдээлэв.
Мединский хэвлэлд өгсөн ярилцлагадаа жагсаалтад 339 хүүхдийн нэр байгаа гэж мэдэгдэв. Гэхдээ Москва эдгээр хүүхдүүдийг хулгайлагдсан гэж үзэхгүй гэдгээ тэрээр онцолсон байна.
Хоёр дахь шатны яриа хэлэлцээ Орос, Украины хооронд харилцан дайралт ихэсч байгаа үед болж байна. 6-р сарын 1-нд Украины арми "Аалзны тор" нэртэй өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулсан бөгөөд ОХУ-ын таван муж тэр дундаа манайхтай ойр Эрхүү дроны дайралтад өртсөн. Украины албаны эх сурвалжийн мэдээлснээр, үүний улмаас Оросын 40 гаруй нисэх онгоц гэмтсэн байна. Хэд хэдэн цэргийн тээврийн нисэх онгоц шатсан гэдгийг ОХУ-ын Батлан хамгаалах яам баталсан ч тоон мэдээлэл өгөөгүй.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Украин ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд нисгэгчгүй онгоц ашиглан хоёр удаа томоохон дайралт хийжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 5-р сарын 28-ны шөнө агаарын довтолгооноос хамгаалах систем 13 бүс нутагт 296 нисгэгчгүй онгоц устгасан бол 5-р сарын 20-ны оройноос 5-р сарын 22-ны өглөө хүртэл 485 нисгэгчгүй онгоц устгасан байна.
Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд ОХУ Украины Днепропетровск муж дахь сургалтын талбай руу пуужингийн цохилт өгөхөд 12 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн шархадсан.
5-р сарын 20-нд Оросын зэвсэг хүчин Сумы муж дахь цэргийн буудлагын талбайд цохилт өгчээ.
Мөн өнгөрсөн амралтын өдөр Оросууд Украины нутаг дэвсгэрт гурван шөнө их хэмжээний цохилт өгч, 1000 шахам нисгэгчгүй онгоц, баллистик пуужин, далавчит пуужин харважээ. Тавдугаар сарын 25-ны шөнө ОХУ хосолсон цохилт өгчээ.
Украины албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар ОХУ зуны довтолгоо хийхээр төлөвлөж, магадгүй бөгөөд Украины илүү олон газар нутгийг эзлэхээр зэхэж байна. Үүний зэрэгцээ Оросын эрх баригчид Украиныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн шаардлагыг тавьсаар байгаа.
Хоёр талын төлөөлөгчид гар барьж, ямар нэгэн боломжит хэлэлцээрийн ахицыг илтгэх ямар нэгэн санал гаргасангүй гэж Financial Times мэдээлэв.
Оросын талаас тавьж буй нөхцөл үндсэндээ Украиныг бууж өгөхийг шаардаж байгаа. Кремль Украиныг эзэлсэн таван бүс нутгагт (түүний дотор бүрэн эзлэгдээгүй Херсон, Запорожье мужуудыг оруулаад) Оросын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх, аливаа цэргийн эвсэлд нэгдэхээс татгалзах, армийнхаа тоог хязгаарлах, орос хэлийг төрийн хэл гэж хүлээн зөвшөөрөх, ОХУ-ын хоригийг цуцлахыг дэмжихийг шаардаж байна.
Киевийн эрэлхийлж буй гал зогсоохыг зөвшөөрөхөд Москва хоёрхон тохиолдолд бэлэн байна. Эхнийх нь Украины цэргийг Донецк, Луганск, Херсон, Запорож мужуудаас ОХУ-тай тохиролцсон зайд нэн даруй гаргах, Мөн Украин улс гадны цэргийн дэмжлэгээс бүрмөсөн татгалзаж, дайчилгаагаа зогсоож, дайны дэглэмийг цуцалж, ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулсан тохиолдолд гал зогсоохыг зөвшөөрөх аж.
Эдгээр шаардлагуудыг ОХУ өмнө нь тавьж байсан бөгөөд Украин үүнд хоёрдмол утгагүй хариу өгч байсан. Санамж бичигтээ (түүний заалтуудыг өмнөх өдөр нь Ройтерс нийтэлсэн) Киев дайныг тэс өөр аргаар зогсоохыг санал болгож байна.
Украин дээрх шаардлагыг хүлээн нөхцлийг хүлээн зөьшөөрөхгүй гэдгээ дахин баталсан. Киев гал бүрэн зогсоохыг шаардаж, олон улсын хамтын нийгэмлэгийн оролцоотойгоор аюулгүй байдлын баталгааг боловсруулж, үүний дараа Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг дахин сунгах боломжиойгоор аажмаар цуцлахад бэлэн байна.
Украины төлөөлөгчдийн хэлснээр, хэлэлцээрийн үеэр тэд Оросын талаас гал зогсоохыг зөвшөөрөхийг дахин шаардаж, мөн Владимир Путин, Владимир Зеленский нарын уулзалтын бэлтгэл ажлыг эхлүүлэхийг Москвад санал болгов.
Туркийн тал зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, гурван талт уулзалтыг Станбул эсвэл Анкара хотод зохион байгуулах боломжтой гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Зургадугаар сарын эцэс гэхэд Москва, Киев хоёр дээрх эрс ялгаатай санамж бичгийн төслүүд, тэр дундаа фронт дахь нөхцөл байдлаас харахад нийтлэг ойлголтод хүрнэ гэж төсөөлөхөд бэрх байна.