Тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой “Атар-4” аяны хүрээнд хэрэгжүүлэх гол ажлуудын нэг нь Монгол орны хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах билээ. Үүнтэй холбогдуулан гурван төрлийн тэжээлийн таримлын үрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан борлуулж эхэлснийг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Тариаланчид шар буурцгийн, судан өвсний, тэжээлийн холимог үрийн кг тутмынх нь үнийн 20 хувийг урьдчилан төлөөд, үлдсэнийг нь ирэх жилийн гуравдугаар сарын 1-ний дотор төлөх нөхцөлтэйгөөр “Хөдөө аж ахуйн корпорац”-аас авах боломжтой гэнэ. Шар буурцгийн үр кг нь 8000, судан өвснийх 5850, тэжээлийн холимог үр 20 100 төгрөг аж.
Н.Мишээл