Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар НӨАТ-ыг шаталсан хэлбэрээр 100 хувь хүртэлх хувиар буцаан олгох боломж бүрдэхийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Тодруулбал, сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100, 800 мянган төгрөг хүртэлхийг нь 50, 800 мянгаас дээш бол 20 хувиар тооцон НӨАТ-аас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Өдгөө иргэдээс 10 хувиар тооцон НӨАТ авч, хоёр хувийг нь буцаан олгож буй. Тэгвэл шаталсан тогтолцоонд шилжсэнээр нийт худалдан авалтын 51 хувийг энэ төрлийн татвараас бүрэн чөлөөлж, үлдсэнийг нь 20-50 хувиар буцаан олгох боломжтой гэж тооцжээ.